Эрхэм уншигч авхай та, миний блогоор үе үехэн зочилдог бөгөөс хэн болохыг минь бага ч болов гадарласан буюу. Би бээр зарим үест сэтгэл гундаж, ахархан хугацаанд үйлийг гүйцэлдүүлэх адгуу зантай. Тэрчилэн өөрийн санасан бодсоныг яг таг биелүүлэх чин хүсэлтэй ч алив албины саад тотгорт автаж байжээ.Чингээд би өөрийн дотрыг ариулж, санаагаа шулуутгах эрмэлзэлд автахын сацуу, тэнгэр язгуурын идийг үзэхийг хүссэн билээ. Санаанд нэгэн хүмүүн тод. Түүнээс хичээнгүйлэн хүсэмжилж өнгөрөгч шөнөөр дээд тивийн өвгөдтэй хөөрөлдсөнөөр сэтгэл өөдрөг, алив үйлд хичээх тамиртай болсоноо зарлаж байна. Өвгөдийн сургааль айлдсаныг ухахын хэрээр ирээдүйн сайханд тэмүүлэх зориг тэмүүлэл дүүрэн байна.
Харин танд Монгол бөө мөргөлийн түүхэн замналын талаар мэдээлэл хүргэж байна.
Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд түүнийг Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр иржээ. 1959 онд Ч.Далайн "Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл" (2:31) гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд монгол бөөгийн шашны түүхийг дор дурдсан таван үед хувааж үзсэн байна. Үүнд:
1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үеийг "Монгол бөөгийн шашны үүсэл үе"
2. VII зуунаас Монгол улсынхаа нэрийг "Юань" хэмээсэн 1271 он хүртэлх үеийг "Монгол бөөгийн шашны хөгжил үе"
3. 1371 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үеийг "Монгол бөөгийн шашны буурал үе"
4. 1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үеийг "Монгол бөөгийн шашны сэргэлтийн үе"
5. XVI зууны далаад оноос XX зууны эхэн үеийг "Монгол бөөгийн шашны усталтын үе" хэмээн үечилсэн (6:89-168) байдаг.
1. Эхийн эрхт овгийн байгууллын үе буюу 5000-7000 жилийн өмнөх үеэс МЭӨ III зууны үед анхны төр үүссэн үе хүртэл бөөгийн шашны үүсэл хөгжлийн үе
2. Хүннүгийн бөөгийн шашны үе буюу бөөгийн шашны хөгжлийн оргил үе (МЭӨ Ш-МЭ II зуун)
3. Олон шашны урсгал нөлөө зэрэгцэн оршиж байсан үе (МЭ II зуунаас XIII зууны үед)
4. Монгол бөөгийн шашны бууралт, задралын үе (XII зуунаас одоо хүртлэх үе) Энэ үеийг ХIII-ХVI зуун, XVI зуунаас одоо хүртэл гэсэн хоёр дэд хэсэгт хуваах нь зүйтэй.
Бөөгийн шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс буюу өөрөөр хэлбэл анхны хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн санаагаар батлан тогтоожээ. Тэгэхдээ хүй нэгдлийн нийгмийн чухам аль үеэс үүссэн бэ гэдэг талаар өөр өөрөөр авч үзсэн байна. Ч.Далай "Монголын бөөгийн мөргөлийн товч түүх"-дээ"Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл буй болж ... харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна" (2:3) гэж үзсэн бол, С.Бадамхатан "Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм"-доо "Бөө мөргөл анхны хүй нэгдийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүний өмнөх үеийн сүсэг бишрэл болох маги, тотем, фетишизмын үндсэн дээр буй болсон юм" (35:37), "Хөвсгөлийн дархад ястан" бүтээлдээ "Бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм" (4:230) гэжээ.
О.Пүрэв
No comments:
Post a Comment