Wednesday, December 8, 2010

Шинэ жилд зориулсан "БУДАА"...

За тэгэхээр зэрэг "Шинэ жилд зориулсан Будаа" гэж ямар юм байна гэж бодож байж болох л юм. 11 сар гарсан даруйд бараг л мартагдсан нөхөд минь гэнэт утас цохиж эхэллээ... Шударга хэлэхэд бол миний хэрэг гарсан болоод л тэр шүү дээ. Миний хэрэг хааяахан гарах тул би өөрөө ч бас дасчихсан байна. Бүдэгхэн агуулгыг дэлгэвээс би гэдэг хүн хөтлөгч ухаантай юм. Тиймээс л байгууллагынхаа шинэ жилийн баярыг зохион байгуулах "Төр"-ийн том даалгавар авсан нөхөд маань залгаж лавлагаа, үнийн судалгаа, бас бус "Хүний наймаа" хийх санал солилцохшуу юм болоод хэдийнээ эхний хэд нь шинэ жилийн угтлага баяраа хийж эхэлжээ.

Одоо гол зүйл рүүгээ оръё. Энэ жил өнгөрсөн оноо бодвол байгууллагууд ашиг арвинтай, даацтай баяр хийх хүсэлтэй байгааг харуулах шиг "Бяд"-тай байна. Арга ч үгүй юм. Санхүүгийн хямрал гээчээс гэтлээд ашгийн үүдийг нээсэн аятайхан жил байснаас тэр л дээ. Тиймээс мөнгийг цацаж, мөрөөдөж байснаараа тэмдэглэх нь нэгэнт тодорхой болсон цагт зарим нэг хүнд хэрэг болох үг хэллэг, хөтөлбөрийн санааг энд бичиглэж байна. Дандаа л хүнээс мөнгийг салгаж сууна гэж юу байхав... Өнөөдөртөө ганц удаа ч болов буян болоод үзье.

Нэгдүгээр хэсэг. Шинэ жилийн баярт зориулсан нээлтийн тав, гурван үг.

... Дэлхий тэнхлэгээ 365 хоног эргэлдэн тээсээр
Даяныг тэтгэгч их Азийн цээжин дэх Монгол оронд минь
Даамай их баярын дээд шинэ оныг угтах
Дэлгэр баяр өрнөн байна.
Он оныг илээсэн түүхийн шаргал хуудас
Оройдоо алтан гадас залсан сүлд модны дэргэд
Олон түмнийг баясуулан ирлээ
Одод гийсэн саруул үдшийн баяртаа саатан морилно уу... гэх мэт.


Хоёрдугаар хэсэг. Өнөө цагаан сахалт Өвгөн аав ирвээс хэлэх үгс.

... Хүмүүний түүхийг бичиглэсэн
Нэгэн оны сольболцол дээр
Хөгжил цэнгэлд бялхуулсан
Нийт олны баяр дээр
Аз хийморийг билэгдэж
Азай буурал аав маань
Ачит охиноо дагуулан
Алсын газраас саатан байна угтана уу...

Гуравдугаар хэсэг. За хэсэгт тун амархан зүйлийг оруулна аа...

Хөтөлбөр:
  • Угталт /Зочид ёслолын танхимд орохоос өмнө урьдчилан бэлтгэсэн зургийн талбарт очиж зураг авхуулах ба угтагч дотогш орох үед халуун дарсаар дайлна/
  • Эхлэл /Хөтлөгч/
  • Захирлын мэндчилгээ /Оргилуун дарстай/
  • Дуу /Ихэнх тохиолдолд Верди Травиатта дуурийн Хундгын дууг дуулдаг. Энэ дууг дуулах дуучид ч олон бий. ДБЭТ-ийн гоцлол дуучид голдуу дуулдаг даа/
  • Дүрс бичлэг /Өнгөрч буй онд гаргасан түүхэн байж болох амжилтуудыг 3-5 минутад багтаан эвлүүлсэн байж болох талтай. Энэ бас нэг бодлын сюрприз шүү дээ.../
  • Зоог /Эхний зоог. Энэ үеэр саксфончин Болдоо ах саксдаад зогсож байвал мангар чамин хооллолт болно доо тээ... /
  • Өвлийн өвгөн аавыг угтах /УГЖ Жаргалсайхан ах  бол мөн ч сайхан өвгөн шүү дээ. Үнэ хөлс нь л жаахан дээгүүр байж болзошгүй/
  • Шагнал гардуулах ажиллагаа /Олон жилийн туршлагаас үзвэл оны шилдэг болсон хүмүүс шууд уучихдаг талтай. Тэгээд ирэхээрээ шагналаа алга болгоно. Бас бус медалиа гээнэ гэх мэт асуудал олон шдээ. Тиймээс жаахан урдуур байхдаа ч зүгээр юм байгаа юм/
  • Дуу /Шинэ жилийн хамгийн олон дуутай дуучин энд байвал саак... Тэр хэн гэж бодож байна? Хэн бэ гэвэл... За угаасаа л Сараа эгч байна. Цаад чинь бол 3 орчим саяар 2-3 дуу дуулчих байх шүү.../
  • Хөгжөөнт тоглоом /За тэгээд хүмүүсийн байр байдлыг харж байгаад хөгжөөнт хоржоонт тоглоом тоглуулчихвал тун зүгээр/
  • Азтан тодруулах /Оны азтангаа тодруулчихгүй юу дөө... Энэ үед угаасаа нэлээн халцан байгаа шд танайхан... :P/
  • Зоог /Бодвол 2 хоолтой байх биз/
  • Хамтлаг /Амьд хөгжмийн аятайхан хамтлаг авч ирэх нь тун чухал шүү.../
  • Диско /ингээд л боллоо.../
Энэ тэгээд амархан биш байна гэж үү... Гэвч зүгээр л санаа. Түүнээс бүгд ингэж хийгээд байвал тун уйтгартай болчихно. Хэрэв хэрэг гарвал надтай холбоо барина биз. Би завтай өдрүүддээ та хэдийн саналыг хавсаргаад туслахад хэдийнээ бэлэн байх болно.
Амжилт залуус аа...

No comments:

Post a Comment