Saturday, August 30, 2014

ХУРИМ БОЛ ТӨРТ ЁСНЫ ҮЙЛ

Тийм ээ, үнэхээр төрт ёсны үйл хэрэг билээ. Тиймийн тул хурим найрыг үүсгэх, хөгжөөх дэг жаягийг нарийн чанд даган мөрдөж, эртнээс нааш уламжилж иржээ. Ингээд сэтгүүлч, хөтлөгч миний бие "Монгол ёс заншлын бага тайлбар толь" /Г.Чингэл/ номноос болон өөрийн туршлагаас улбаалан ойрын үест ихээхэн болж буй Монгол хуримын ёс дэгийн талаар товчхон мэдээлэл түгээе гэж санаснаа сийрүүлж байна. Ёс дэгээ мэдэхгүй бол ичгэвтэр хэрэг болох биз. Танд хэрэг болно гэж санана. 




Хурим үүсгэхийн өмнө мэдээж "Бэр буулгах" ёсон буй. Энэ нь "Бэр гуйх" ёс биш бөгөөд хурим найрын өргөө рүү /хурим найр хийх зоогийн газрыг хэлнэ/ хүүхэн, хүргэн нар хөгжилдөн явсаар ирнэ. Тэднийг ирмэгц бэрийг угтах тосуулын хүн хүүгийн талаас гарч: "Бэр ахайн амгаланг айлтгая?" гэж хэлнэ. Үүний дараагаар бэрийг цагаан эсгий, эсхүл гудсан дээр тосон авч өргөө рүү оруулна. Энэ үеэр 2 талын ах дүүс мэнд мэдэлцэж болно. 



Хүү талын ахлагч:
     - Та бүгдийн амрыг эрж байна
       Агаар тэнгэрээс салхигүй
       Асар хурмастаас хургүй
       Агт хөлөг зүдрэлгүй
       Амь биес алжаалгүй
       Ах дүүс та нар минь
       Амархан морилж ирэв үү?
гэж асуухад хүүхний талаас:
    - Хурмаст тэнгэрээс хур орсонгүй
      Хурдан хөлөг зүдрэлгүй
      Хувьтай явдал саатсангүй
      Худ ургийн газраа
      Хурдан түргэн бараалхаж ирлээ
гэх мэтээр мэндчилж болно.

Бэр буулгах болон хуримлах ёслолыг ардын заншил, орчин үеийн цагийн бололцоог харгалзан 13:00 - 18:00 цагийн хооронд эхлүүлэх нь зүй. Хуримчин олон зоогийн газарт морилж, ширээнд тухлахтай зэрэгцэн хос хоёрыг танхимд урин зална. 

Энэ үед хөтлөгч:

Өнөөдөр аргын тооллын 201... оны ... -р сарын .....-ны өдөр, .............. гараг. Билгийн тооллын ........ жарны ............... жилийн ................. сарын .................... мэнгэтэй ...................... өдөр, ........... гараг. 
Дөрвөн уулынхаа дунд 
Хатан туулаа эмжээрлэн ярайсан 
Улс Монголын нийслэл
Улаанбаатар хотдоо 
Өрх гэрээ үүсгэж
Өргөө гэртээ заларч буй 
....................................... /хүү, хүүхний нэрийг овгийнх нь хамтаар хэлнэ/
нарыгаа суудлаасаа босон угтан авцгаая!

гэж хэлээд, тайзны дэргэд ирмэгц нь:

Халуун галыг эгүүтгэж
Хал ургийн үндэс болсон
Ханат гэрээг ёсолдог нь 
Хамаг Монголын жам аа! 

гэхэд хос 2 гэрийн зуухыг билэгдсэн жижиг тулганд гал асаана. /Энэ үйлийг үйлдэж болно/
Дараа нь хөтлөгч:

Ураг садан барилдаж
Уньт гэрийг үүсгэхэд 
Уран гоо бүсгүй нь 
Утаагүй улаан галаа түлж
Уургүй улаан цайгаа чанадаг нь 
Улс Монголын ёс оо! 

гэхэд хүүхэн танхимд тэргүүлэн зассан толгой ширээнд суугаа эр нөхөр, аав, ээжүүд, ахмад буурлууддаа цайгаа аягалан барина. /Монгол гэрт бол энэ ёсыг цайгаа чанаж үйлддэг байж/


Үүнтэй залгуулан найрын эхэнд хүүгийн аав алтан хундагын өчил буюу нээлтийн үг хэлэх бол, хүүхний аав мөнгөн хундагын өчил ерөөлийг үгийг айлтгаж ирсэн олон зочдыг найр, хуримандаа урина. Аавуудын үгний дараагаар уртын дуу, морин хуурыг эгшиглүүлж, хурсан олны сонорыг мялаана.
Хоёр талын ахан дүүсийг танилцуулах буюу ураг батжих ёсыг итгэмжит хүнээр гүйцэлдүүлэх нь зүйн хэрэг. Ураг батжих ёсны дараа дахин нэг хундгыг өргөн барьж, хоол зоогоор олноо дайлна.
Хоол зоогны өмнө нь тусгайлан бэлдсэн багалзуур, хүзүү, хонт шаант, өвчүү гургалдай зэргийг тавьсан махыг хүргэн хүүд бариад найр ахлаач буюу хөтлөгч ёсто махны үг хэлнэ. Хүү махыг шүүсийг зочдод хүртээнэ. Хэрвээ ууц шүүс бэлтгэсэн бол ууцыг эрхэм хүндэт хүнээр таллуулан зочдод хүртээх нь зүй. 
Хуримын найрыг сөн ерөөх буюу дуугаар эхэлж, дунд хирд нь хуримын ерөөл хэлэхба дараа нь зочдоос залуу хосод бэлэг барьж эхэлнэ. Ингээд дуу хуурыг үргэлжлүүлнэ. Хуримын найр нь тодорхой цагт өндөрлөх учиртай тул ерөөл айлдагсад сунжрахгүй байх хэрэгтэй. Учир нь хуримлагч хосод найрын баясгаланг эдлэх цаг олгох учиртай. Хурим дуусахад Молорын үг хэлэх буюу найрын цэг дуу дуулж болно. Алив хуримын найр нь наран шингэхээс дуусах ёстой байдаг. 

1 comment:

  1. Harrah's Cherokee Casino Resort - Mapyro
    › harrahs-cherokee-casino-resort 시흥 출장마사지 › harrahs-cherokee-casino-resort This hotel in 정읍 출장안마 Cherokee is within walking distance 하남 출장샵 of Harrah's Cherokee Casino and 대전광역 출장마사지 Casino. Harrah's Cherokee 고양 출장안마 Casino Resort has 2,500 hotel rooms

    ReplyDelete