Хүүхэд насаа барагтаа дурсаад байдаггүй ч өнөөдөрхөн нэг дурсамж сэтгэлд тод гэгч нь бууж ирлээ. Миний хүүхэд нас яг л 20 жилийн түүхтэй Ардчилалтай зэрэгцэн байж дээ. Юм хомс, тарчигхан цаг.
Миний бичиглэх энэ түүх тэр л цаг, он жилүүдтэй ихэрлэж, өнөөдөр дурсахад дэндүү тайван амар байсныг сануулна. Би 1987 онд яслид орсон гэж ээж минь хэлдэг юм. Тэр жил яслид орох үед аав надад жинхэнэ Орос пальто авч өгчээ. Их үнэтэй ч олны дунд "Нийгэмшихээр" явж буй бяцхан хүүдээ бараг л сарын цалингаа зарцуулсан нь тэр. Пальто томдсон ч Орос цэргийн суран тэлээгээр хөөргөдөн тэлээлж, нүд л гарахуйц зай үлдээгээд ороолт ороож өгнө. За тэгээд ах эгч нар маань жижиг "бамбарууш" дагуулаад яслийн зүг явдаг байсан гэж тэд ярьдаг. Би бол бүүр түүрхэн санана. Ингээд яслийн 2 жил өнгөрч 89 онд намайг цэцэрлэгт оруулсан байгаа юм. Энэ үеэс би сайн санадаг билээ... Өвөл болоход яслид өмсөж байсан хүрэн пальтогоо өмсөөд л явна. Өөр сонголтгүйгээс гадна, тэр пальто шиг дулаахан амар хувцас байсангүй гэх үү дээ. Энэ мэт он жилүүд өнгөрч, дунд сургуульд 1991 онд элсэн орлоо. Дахиад л өвөл болно биз дээ. Тэр үед миний хүрэн пальто надад яг таарч билээ. Эр өсч байгаа нь тэр юм болов уу даа.
Миний хүрэн пальто 2-р ангид ороход үл ялиг багадсан тул ээж маань ханцуйг нь жаахан тавьж өмсүүлээд, 3-р ангид ордог жил харин ханцуй дээр нь залгаас оруулаад өмсгөсөн юм. Би тэр үед хэдийнээ 9 нас хүрсэн байлаа. Бод доо, би нэг пальтог бүхэл бүтэн 6 жил өмссөн гээд. Гэхдээ бас дуусаагүй тэр пальтог минь хамаатны хүүхдэд бэлэг болгож өгөөд л...
Зарим нэг нь санах байх аа. 90-ээд оны эхээр яг картын барааны үед байрны баахан "пацаан" нийлж аваад дэлгүүр гараад шидчихдэг байж билээ. Манайх олуулаа байсан тул 3 ширхэг Атар талх авах карттай. Дараалалд зогсохчоо аядаад талхаа авна. Харин гэртээ харих замдаа бол нэг талхныхаа талыг дангаар нь зулгаачихна. Ирээд ах, эгч нартаа зэмлүүлэх нь тодорхой... Хөгийн ч юм шиг хэрнээ сайхан цаг байж дээ.
Одоо цаг бол харин дээр бичсэн зүйлсээс огт өөр үе. Хөдлөж байгаа нь хожих цаг. Ажиллаж, хийж, бүтээж чадвал юуг, хэзээ ч өөрчилж болох цаг үе билээ.
kartiin baraa avdag ajil hiideg baij bileee, hezyy zam tuulsan uls shyy Mongol min
ReplyDeleteхэ хэ, картын бараа идэж, багадсан хувцас өмссөн ч муудсан зүйлгүй байгаа нь сайхан хэрэг. :)
ReplyDelete