Цаг хугацаа үнэхээр харвах мэт өнгөрчээ. Яг нэг жилийн өмнө юу хийж байсан, яг нэг жилийн дотор юу хийж чадсанаа эргэцүүлэх гэж өөртөө цаг гаргадаг болсоноос хойш бас л хэдэн жил өнгөрчихөж.
Өнөөдөр 2011 оны 8-р сарын 22-ны өдөр. Өглөөний 08:22 минут /Сөүл, БНСУ/. Тун гайхалтай тохиол. Зүгээр л цаг харсан чинь ингэж таарч байдаг. Би өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав аа? Юу юунд хүрэхээр зорьлоо... Түүндээ хүрсэн билүү гээд олон асуултыг нэгтгээд л өөрөө өөртөө хариулт бичиж сууна. Их юм бодож санажээ. Хүн угаас шуналтайн дээр, өөрийн хийж чадахаас магадгүй ихийг хүсдэг байх. Хорвоогийн хамаг явдлыг учрыг ухаараагүй хэрнэ ээ "Сурна аа..." гэж, өнөөдөр халаасандаа санасандаа хүртэл их мөнгөгүй хэрнэ ээ "Мөнгөтэй болно" гэж, яг энэ бол туйлын аз жаргал гэж мэдэхгүй хэрнэ "Аз жаргалыг бүтээнэ" гэж зүтгэдэг нэгэн бодлын урмын амьтан бололтой. Оюутан байхад нэг найз минь надад дэвтэр бэлэглэсэн юм. Тэр дэвтрийг ангийнхныгаа сургуулийн урлагийн үзлэгт бэлтгэхэд "Оройлон" оролцлоо гэж онцгойлон дурсгасан билээ. Тэгээд хамгийн эхний хуудсанд "...Чи өөрт оногдсоноос илүү ихийг хийхээр хичээдэг тэр зан чанар чинь чамайг улам эрчтэй харагдуулдаг" гэж бичсэн байж билээ. Яагаад ч юм би өөрийгөө тэгж боддоггүй байтал хүн намайг тэгж харсанд эргэлзэх боловч, учиргүй ихээр урам авч хэсэгтээ л тэнгэрт дүүлсэнээ өнөөдөр санаж байна.
Ноднингоос хойш бодож санасан зүйлээ бүгдийг нь амжуулж хараахан чадаагүй ч, хичээсэн гэдгээ хэлмээр байна. 2008 оноос эхлэн "UBS music" продакшнтай нэр холбогдож, уран бүтээл хийж эхэлсэн цагаасаа гар бие оролцсон "UBS music Video Awards" наадмынхаа 7 дахь удаагийнхыг зохион байгуулах хэрэндээ л нүсэр ажлыг амжууллаа. Хэл ам, хэрүүл шуугиантай болдог наадам маань харьцангуй нам жим, олны сэтгэлд хүрсэн мэт санагдах ч, алдаатай зүйл бишгүй л байсан байх. Гэхдээ л сэтгэл өег үлдсэн юм. Жил жилд л хийдэг бусад ажлууд шинэ жил дөхөөд ирэхээр болдогоороо болж, бүгдийг нь л амжууллаа. Нэгэн хэвийн уйтгартай мэт ч, нөгөө бодлын амар ч юм шиг.
Өнгөрсөн энэ цаг хугацааны хамгийн онцлох нэгэн шийдвэр бол Солонгос явж сурах. Би их бодож байж гаргасан шийдвэр минь энэ. Зарим нэгний хувьд явъя гэвэл л явчих бололцоотой, зарим нэгэнд нь явахыг хүсээд ч хол мэт тийм л газар. Надад харин холоос ойртсон газар байлаа. Баруунд дассан хүмүүсийн хувьд Монголчууд маань ажил хийхээр голдуу зорьдог учраас "Жирэмсэн эмийн шээх газар" гэлээ гэдэг шиг л... Харин надад тийм байсангүй ээ. Ганц нэг удаа хил давж байсныг эс тооцвол удаан хугацаанд орчин, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх тун эгзэгтэй шийдвэр. Тиймээс ч бүхий л сэтгэлээрээ "Солонгос явна" гэх мөрөөсөл хүсэлд автаж, зарим өдөр гэрийнхэтэйгээ зөрөлдөж өнгөрүүлсэн цаг хугацаа маань санаанд минь ойрхон байна. Найзуудтайгаа энэ талаар ярьж, яахаа шийдэж ядаж явсан нь инээдтэй боловч, хүний нутаг бол хүний л нутаг гэдгийг гадарлаж эхэлсэн энэ цөөн хэдэн сар "Өнгөрсөн цаг" болж байна.
Цаг хугацаа урагшлан урагшилсаар л байна. Би бас түүнтэй зэрэгцэхийг хүсэх авч, цаг хугацаа харин бусдыг дагуулдаг идтэй эд ажээ. Маргааш би 27 нас хүрнэ. Хорин хэдхэн настай гэж болох ч, гуч дөхсөн залуу гэж хэлэгдэж эхлэх нь... Гэхдээ дөнгөж эхлэж байгаа нас... Би огт хэн ч биш байгаагүй гэж боддог тул, цаашид хэн байхыгаа маргаашаас эхлэн харах болно.
Энэ бичлэгийг минь уншиж байгаа эрхэм хүн таниар дамжуулаад хүн төрлийг олгосон Аавдаа, төрүүлж өсгөсөн юунаас ч илүү хайртай ээждээ "Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе..." Зулай дээр минь гишгиж төрсөн ах, эгч нартаа хэнийг нь ч ялгалгүй хайртайгаа хэлмээр байна. Өнгөрсөн цаг хугацаа бүрт үргэлж л миний талд байдаг ах, эгч нарынхаа ачаар би өнөөдөр ч золтой сайхан амьдарч явна.
Харин эцэст нь эрхэм анд танд баярлалаа. :) Би, бас бид улам ихийг хүсч, түүндээ заавал хүрэх болно. Би 27 настай. Боржигин овогт Хаадагийн Болорбат байна.
/2011.08.22. Сөүл, БНСУ/
No comments:
Post a Comment