Monday, October 3, 2011

Хугацаа нь дууссан бараагаа буцаая даа...

Бүр хэлэх үг олдохгүй ийм гарчиг өгч байна. www.mass.mn гэж цахим хуудсан дээр гарсан санал асуулгыг санаандгүй олж үзсэнээс болоод удаан шагайгаагүй байсан блогтоо салхи оруулах хувьтай юм байжээ. Хэл ам загатнаад хэлэхээс өөргүйд хүргэлээ гэж...
2012 оны сонгуулийн судалгаа нэртэй нэр дэвших магадтай хүмүүсийн нэрсийг ярайтал нь өрсөн сүржин судалгаа байна аа... Ихэд тайвнаар харж эхэлсэн ч эцэст нь галзуурахаа шахлаа. "Төрийн төлөө оготно боож үхнэ" гэж зүйрлэдэг ч төр надаас хол юм гээд зүгээр, дуугүй суух эрхгүй болсон цаг энэ бололтой. Аргагүй шүү дээ. Төлөөллийн ардчилал гэж нэг юм бий дээ. Бид тэрийгээ сонгодог болоод даруй 20 дахь жилтэйгээ золгочихсон биш үү. Ардчилсан өөрчлөлт гээд ярих гэхээр Ардчилсан намынхан нь бидний өмч гэж "шалиглаад" байдагийг эс тооцвол энэ нийгэмд хэзээ нэг өдөр үүсэх ёстой байсан зүйл. Энэ үйл хэрэгт гар хуруугаа дүрсэн, дүрэхийг оролдсон, дүрэгсэдийн араас нь зүүгдсэн олон этгээд "Ардчилал"-ыг би цээжээрээ хамгаалж өндийлгөсөн гэх маягийн юм бичиж, ярьдаг нь ч худлаа биш. Ерөөс энэ бол нийт нийгмийн эд эс болгонд хамааралтай зүйл. Тэгэхээр зэрэг хэнд ч бус, хүн бүрт хамаатуулан өмчилж болох хамгийн том зүйл бол өнөө хүн бүрийн хүсэл мөрөөдөл болоод байгаа "Ардчилал" гээч нь юм биз. Ардчилал нь өөрөө асар өндөр хариуцлагатай байхын нэр. Харин тэр нь ёстой алга даа... Хайж олох юмсан.
Эргээд судалгаа гэж байсан руугаа оръё. Судалгааны зорилго нь ерөнхийдөө тандалт бололтой. Гэвч тандалт гэхээсээ зүгээр л цахим хуудсаа олонд үзүүлэх гэсэн маркетингийн оролдлого шиг. Тэгээд баахан улсын нэрсийг Архангайгаас нь эхлээд дуруйтал бичжээ. Ёстой л толгойтой бүрийн нэрийг жагсаачихаж. Үүнээс харин юу олж харсан гээч...? Хугацаа нь дууссан маш олон тооны "Бараа"!!! Тэр бараануудыг хангалттай ашиглалаа гэх гэтэл ашиглуулсан болчих гээд байна. Яг л  Эрээний тодотголтой хулхи бараа шиг. Олны олонд аятайхан юм бий л дээ. Жишээ нь буруу зөрүүгүй ганц нэг оймс, үйлдвэрлэлийн алдаагүй цамц гэх мэт. Тэр нь гэхдээ тун цөөхөн. Ихэнх нь муухай үнэртэй, сэмэрч муудсан байх нь энүүхэнд. Тийм барааг нэг хэсэг дэндүү ихээр нь бөөндөж, хэсэг хохирсоны эцэст иргэд өөрийг сонгох гэж хичээсэн нь үнэн. Одоо харин түүнтэй адил шинэ сонголт хэрэгтэй байна. Алийн болгон Их хуралд сууж л байдаг Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, З.Энхболд, Нямдоржтонг залах ёстой юм бэ? Тэд жижиг ханьлагийг төлөөлж суугаа ноёд биш биз дээ? Удам угсаа залгамжлах эрхтэй мэт хэсэг гишүүдийг юугаа хийгээд л сонгоод байдгийг одоо хүртэл ойлгохгүй байна. Юу ч хийхгүй, хийдэггүйг нь мэдсээр байж сонгоод байдаг нь юуных вэ? Амлалт гэдэг үг хариуцлагатай хүнд л тохирно. Амласан хэрнэ ээ хүрч чадахгүй бол дараагийн удаад хөөгөөд, нүүр лүү нь нулимаад л явуулах хэрэгтэй. Улсын хөгжил гэж ярьсан энэ он жилүүдэд "Төр" иргэдэд дарамт болох асар ихийг бүтээсэнээс биш, хөгжих бололцоог нь лав олгосонгүй. Хувийн хэвшлийнхэнд үргэлж дарамт болж, өөрт нь ээлтэй хэддээ тал засч, завсар зайгаар нь хувийн бизнесээ хөл дээр нь босгож авсан гишүүд, гишүүн асан нөхөд Ардчилсанд ч, Ардынд нь ч байна. Бэлэн мөнгөний асар их амлалтаар сонгогдсон энэ удаагийн Их хурал, Засгийн газарт бүх нийтээр муу дүнг нь тавиад зарим нэг огтоос хэрэггүй хүнийг эргэж ирэхээгүй хөөж явуулмаар байна. Нэг үгээр "Хугацаа"-г нь сануулах цаг нь ирсэн байна.
Өнгөрсөн хугацаанд иргэдэд олгосон 70.000, 21.000, 10.000 төг, цалин тэтгэвэрийн үнэндээ ялихгүй нэмэгдэл нь үнийг хөөрөгдөж, түмнийг сөхрүүлж байна уу гэхээс амласан шиг нь сайхан үр дүнг авчирсангүй. Угаас тэгэхгүй байсан юм. Одоо ирэх оны эхнээс "Залхуу, нялхамсаг, хайнга" оюутан залууст төрөөс цалин олгох нь. Бүгд бүгдээрээ дээрх тодотголд орохгүй ч дийлэнх нь лав тийм байдгийг би багш байсан хүний хувиар батлаж чадах юм байна.  Бас л баахан мөнгө тараах нь. Дараа нь санал хураалтаас урьтаж ахмад настанд 1.000.000 төгрөгийг бэлнээр өгөх болчихлоо. Хөгшид бол өгөхгүй байснаас дээр юм гэж ярих. Харин бэлэн мөнгө тараахтай нь зэрэгцээд бүх юмных нь үнэ шууд өсөөд өгөхийг одоогоор сайтар ухахгүй л суух шиг. Арга ч үгүй юм даа. Хөгшид минь талх, сүү, махны мөнгийг түүгээрээ л болгох санаатай байгаагаас тэр.
Гишүүдийг "Хараал" идээсэй гэж хэлмээр санагдана. Ямар сайндаа л ингэж хэлэх вэ дээ... Зүгээр байж байхад зүгээр байсансан бол хүнийг юу гээд л хараагаад байх билээ. Гэхдээ бүгдийг нь хараагаад юугаа хийхэв. Гишүүдийн тойрогтоо нэрээр төсвөөс суйлсан тэрбумууд яг таг тойрогтоо юм болохоор очиж чадсан болов уу? Бас л эргэлзээтэй дээ. Үрэлгэн төсөв, алдагдал нь хэрээс хэтэрсээр энэ оны төсвийн төсөл гээч нь бүрэн эрхийнхээ хугацаанд амлалтаа биелүүлэх гэж хичээсэн, бүр тодруулж хэлбэл "Нүглийн нүдийг гурилаар хуурсан" шинжтэй байгааг бид сохор биш учраас харж л байна шүү дээ. Зунжин морьд уяж, айраг залгилж, "Хутга тавихгүй идэж, хундага тавихгүй найрлаж" ирсэн эрхэмүүд минь хугацаагаа дуусахаас өмнөхөн хүнд хэрэгтэй юм хийгээрэй гэж хүсье.
Хэрвээ 99-үүлээ болох хүслээ гүйцээвэл, ахиж худлаа хэлбэл, бас хуурвал ирэх сонгуулийн дараа дайн болох байх шүү... !!!

No comments:

Post a Comment