Sunday, October 16, 2011

Уярч, бахдаж өнгөрүүлсэн нэгэн орой

Үнэхээр ингэж хэлэхээс аргагүй гайхамшигтай аялгуулаг үдшийг амралтын өдрөөр тохионо гэж санасангүй. Сэтгэл юунд уярдаг тухай төсөөлөхдөө зөвхөн сонсож дадсан тэр л хөгжимд байдаг гэж төсөөлдөг байж би.
Тэгтэл тэр ойлголт нэгэн бодлын ядуу, явцуун дээр Азийн ард түмний ардын хөгжмийн зэмсэгүүд тийм гайхамшигтай хоршино гэж зүүдэлсэн ч үгүй. Солонгос үндэстний лимбэ, бөмбөр, Монголын минь морин хуур, ёочин, Вьетнамын Данбау зэрэг хөгжмийн зэмсэгээр "Азийн аялгуу" чуулгынхан тоглолоо. Тэдний 2 нь Монгол, 2 нь Солонгос, 1 нь Вьетнам хөгжимчин. Тэд бүгд ардынхаа хөгжмөөр амьсгалж, түүгээрээ амьдрагсад. Учир нь гэвэл өнөө хэрнэ мэргэжлээ ахиулахаар суралцаж байгаа мэргэжлийн хөгжимчид юм.
Тоглолт "Солонгосын Үндэсний Театр" нэртэй урлагийн их хүрээлэнд боллоо. Намуухан орчинд зөвхөн урлагаар алжаалаа тайлахаар ирэгсэдийн цуваа тасрахгүй. Тэд бүгд л баяр хөөртэй харагдана.
Миний тоглолт үзсэн танхим хэдийгээр мянга мянган хүний суудалгүй ч, зөвхөн тэр сонсголонт аялгууг сонсохоор ирсэн 80 орчим хүн суухад яг тохирсон цөөн хэдэн суудалтай...
Тоглолт эхэллээ... Танд үзүүлэхээр зэхсэн бичлэгт байгаа энэ дуурсгалт хөгжмөөр сонор мялаахуйд хуурын эгшиг сонссон "Монгол" миний нүдний нулимсыг эрхгүй унагалаа. Юутай тансаг хөг, юутай тансаг орчин бүрдчих нь тэр вэ... Хөгжимчин залуусын урамтаяа давшингуй тоглохтой зэрэгцэн үзэгчдийн сэрэл үе үехэн хөдлөх шиг тийм эхлэл. Танхимд эгшиглэх аялгуунд яв цав нийцэм гэрэлтүүлэг хөгжмийг дүрслэн харуулах шиг таатай. Урам бадраах өнгө гэрэлтэй сүлэлдсэн тансаг зохиолд нэгэнтээ автахдаа амьсгаа авахаа ч мартах шиг. Энэ мэт олон үргэлжилсээр тоглолтын дунд хэсэг болоход сая нэг тоглолтын дарааллын эргэж сөхөх ухаан төрлөө. Тоглолтод зориулж Монгол "Бүүвэйн дуу"-г найруулсан байхаас гадна, Солонгосын Үндэсний Урлагийн их сургуулийн мастерын ангийн оюутан, хөгжмийн зохиолч Ганбаа /хүндэтгэх шалтгаанаар түүний нэрийг бүтэн оруулж чадсангүй.../-гийн 2 зохиолыг тоглохоор оруулжээ. Завсарлага дууслаа. Үзэгчид дотогш орж суудлаа эзэллээ. Азийн аялгуугийнхан энэ удаад өмнөх хэсэгт өмссөн үндэсний хувцаснуудаа сольж, Солонгос үндэсний хувцасаар гоёсон нь тун чиг зохицгоож. Тэдний тоглолтод урилгаар оролцож буй гэх Түвдийн иргэн өөрийгөө танилцууллаа. Тэрээр дуу дуулна гэнэ. Хэдийгээр Түвд хүн боловч нутагтаа очиж үзээгүйгээ хэлээд дуулах дуу нь цаст өндөр Гимайлан тухай гэдгийг зарлалаа. Үнэхээр чин сэтгэлээсээ Түвд нутагтаа хөл тавьж үзэхсэн хэмээсээр дуугаа эхэллээ. Түвд хүн хэрнэ ээ эх нутгийнхаа барааг хараагүй тэр эрийн хоолой тийм гайхалтай байсан уу, эсвэл Дэлхийн таг Гималайн ноён оргил өөд тэмүүлэн цуурайлсандаа ч тэр үү хамаг бие минь зарсхийнэ... Юутай гунигтай, бас юутай сэтгэл хөдлөм байсан гээч. Арай л "Чөлөөт Түвд" гэж хэлээд босоод ирчихсэнгүй.
Ийм нэгэн үдшийг өнгөрүүлсэндээ сэтгэл минь өндөрт байна. Хамтдаа тоглолт үзэх санал тавьсан Цэнгүүн найздаа, гайхамшигт үдшийг бэлэглэсэн Азийн аялгуу хамтлагийнхандаа талархаж байна.

No comments:

Post a Comment