Thursday, October 6, 2011

Хорвоо гэдэг баян, бас ядуу юм

Өнөөдөр дэндүү холын хэрнэ ээ, бас дэндүү ойрын нэг хүн хорвоог орхисон тухай надаар хэлүүлэлтгүй бүгд сонслоо... бас харуусч буй биз. Дэлхий дээр 7 тэрбум хүн багтаж ядан өдөр хоногийг өнгөрүүлж буй мэт ч амрах завгүй эргэлдсээр. Хүн болж төрчихөөд дурсагдах ч үгүй халих нэгэн байхад, хэдэн арван хүн мөнх бусыг үзүүлэхтэй ижил тийм "Алдар"-тай нөгөө нь бас байх юм.

Стив Жоб гэгч энэ эр хэзээ ч юм нэг л өдөр даяар олны гарт шинэ ертөнцийг атгуулж чадсан нь гайхалтай юм. Зүгээр л хамгийн энгийн нэрээр түмний анхаарлыг татаж, хэнийг ч болов хэзээ ч зугаацуулж дөнгөх тийм гайхамшигтай цэнгэлийг бий болгосон түүнийг авъяасыг хамт олон нь "...цуцашгүй, мятрашгүй, гайхамшигтай" гэж үнэлсэнийг өнөөдөр олж үзлээ...
Ухаалаг утас, ухаалаг цэнгэлийн цахим хэрэглүүрүүд түүний санаанаас урган гарахдаа түүнээс ихийг авч оджээ. Унтах завгүй шахам ажилласан Стив Жоб нойр булчирхайн хорт хавдраар тэнгэрт хальсан нь тив дэлхийн хэмжээнд тун том хохирол авчирлаа ч гэж хэлж болно. Бүтээлүүд нь жил сараар биш, хоног өдрөөр, цаг минутаар сая сая хүний амьдралын хэвийг эргэлтгүй өөрчилж, дахин давтагдашгүй олон санаагаараа тоон систем, цахим ертөнц дэх өрсөлдөгчидөө нам дарж чадсан "тэр эрхэм" жир нэгэн байсангүй бололтой. Зүгээр л техникийн "боол" болж суудаг би гэхэд л түүний бүтээлийг нэгэнтээ ашиглаад үзчихсэн байна шүү дээ... Харах, сонсох, хүрч мэдрэхүйн сэрлийг өдөөж, баясуулан цэнгүүлэх идтэй түүний оюуны олон "Хүүхэд" нь бүгд нэгэн овогтойгоос гадна, худал хэлсэн хүнд өрх бүрийн хүндтэй гишүүн нь болчихсон байна. "Apple"-ийнхан гэдэг овог нь хаана ч очсон нүүр улайлгахгүйгээс гадна, ашиглахад амар хялбарын дээр "тансаг" харагдана. Түүний шинэ бүтээлээс болж "боогдмол" Хятадын залуу иргэн өрөөсөн бөөрөө өгөхөөс ч буцаагүй нь ямар үнэ цэнэтэй болохыг нь батална.
"Apple"-ийн I Phone утас бариагүй бол, I Pad хэрэглэдэггүй бол, I Pod-оор хөгжим сонсдоггүй бол ичмээр ч юм шиг санагдтал нь бүтээжээ... Харамсалтай өдөр өнгөрч байна. Би өмнө нь 2009 онд ингэж харуусч байсанаа санаж байна. Тэр өдөр Майкл Жексон ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Харин өнөөдөр түүний нутаг нэгтэн араас явлаа... Гэхдээ нөгөө ертөнцийн хэрэглээг өөрчлөх үүрэг аваад явлаа... Тэнгэр ивээх болтугай.

1 comment:

  1. Ертөнцийг өөрчилсөн гурван алимны нэгнийх нь эцэг хүн дээ. Тэнгэр ивээг

    ReplyDelete