Ийм нэгэн санааг одоогоос жил гаруйн өмнө бичсэн юм. Дахин сэдрээж эрхэм танд өргөж байна. Болгооно уу.
Залуу хүмүүн би бээр өөрийн ухаарсан үзэл, нэгэн андын Хайр+ласан санаа, түмэн олны чин хүслийг нэгтгэн “Үндэстнээ эрчлэх - Иргэний санаа”-г түгээхүйд алдсан байваас уучилж, оносон болбоос бусадтай хэлэлцэнэ үү. Энэ санаа нь эхлэл төдий билээ.
1. Хүслээ дэвэргэж, санаагаа гүйцэлдүүлэхүй.
Хүмүүний хүсэл хязгааргүй мэт ч, хязгаарлаж болохыг бид мэднэ. Тэдний жишээ нь гудманд хэдэнтээ үзэгдэх арчгүй хүмүүс буюу. Хүслийнхээ хязгаарт амар хүрч, өнөө биднийг мөлжих мэт. Тиймээс хүслийг үл хязгаарлаж, санасан бүхнийгээ дэвэргэж явсуу. Алив сайн зүйлд бүү хана.
2. Соёлоо дээдэлж, биеэ чимэхүй.
Бид цөөхүүл тул бусдад автахын нигууртай. Соёлыг үгүй хийх, эсхүл үгүй хийхийг зөвшөөрөх нь бидний хувьд төгсгөл билээ. Гадны соёлын элдэв гаж зүйлд нэвтэрхий автаж, түүнийгээ дээдлэх нь эмгэнэл биз. Зурагтаар нэвтрүүлэх цуврал, хазгай муруй ярианы хэв шинж нь эдгээрийн илрэл. Тиймээс үүнийг хазаарлах нь зүй.
3. Эх хэлтэнийг биширч, харь хэлтэнийг хүндэтгэхүй.
Бидний эх хэл гайхамшиг юм. Сонсголонт, яруу тунгалаг билээ. З.Дорж найрагчийн бичсэнчилэн “...Хэл, хил, мал гуравынхаа төлөө үхсэний дараа Сүнс гэж байдаг бол үргэлжлүүлэн тэмцэх” тийм хүмүүнийг бид төрүүлж, тэднийгээ өндийлгөх хэрэгтэй буюу. Өрнө, дорнын хэлний зүйг судлах, түүнд нэвтрэх нь таатай боловч, эх хэлээ хамгаалах нь түүнээс ч илүү тустай явдал болно.
4. Эх дэлхийдээ хайртай, элгэн садандаа өмөгтэй явахуй.
Өвгөд, өтгөс минь эртнээсээ л эх дэлхийтэйгээ хүй нэгэн гэдгээ мэдэрдэг байсан гэлтэй. Өмсөх зүүх, эдлэж хэрэгтэй бүхэн нь байгальд хөнөөлгүй, бусдад төвөггүй байсан мэт. Өнөө цагийн бохир мөнгө, эрх мэдэл, яльгүй ямба зэргийн золионд бидний нутаг сүйдэж буйг илчлэх, үл эвлэрэх сэтгэлтэй байх. Үнэндээ бол бидний үр хойчид энэ мэтээр байвал орших зай үгүй билээ.
5. Ханаж биш, хайр+лаж амьдархуй.
Суудлын зөөлөнд ханаж, зоосны арвинд сохорч үл болох буюу. Эрдэмд элэгтэй , аядуу зөөлөн байж гэмээнэ хүнийг хайрлах ухаанд суралцах биз. Хүмүүн дүр төр, үзэл бодол өөр боловч, үнэн хэрэгтээ бүгдээр тоос хөдөлгөж, бусдыг татах өчүүхэн ч атугай увидастай буйзаа. Тэрхүү увидаст сэтгэлийг танин мэдэх нь амгаланг олоход тус болно.
6. Төрийн явдалд хошуурч биш, ташуур өгч сурахуй.
Алив хүн цөөн хэдэн насандаа төр улсыг төвхнүүлэх гэж хичээх хэрэггүй юм. Үнэн чанартаа бол чадахыгаа хийж, дийлэхийгээ сурах нь тустай. Ингэж чадваас тус бүрийг зүтгэлээр улс мандан бадарч, бид зүдэх зүйлгүй тайван амьдарна.
7. Монгол нэрний үнэтэй санаж, Монгол цусны эрчтэйг харуулахуй.
Эх орон, элгэн садны нэр нүүр юу юунаас чухаг. Тиймийн учир Монгол гэх нэрийг хичээж, Монгол цус энэ судсаар булиглаж байгааг харуулах ёстой юм. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг буюу. Хамгийн энгийнээр бол бусдын дунд хүн шиг байхад л болно.
No comments:
Post a Comment