Tuesday, January 11, 2011

Угаарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж "буруу шаах" гэнэ :P

За яршиг дөө. Энэ одоо юу гэсэн үг вэ? Аль тэртээ 1987 оноос хойш хотын утаа угаарын талаар жив жув хийдэг байсан дарга нар одоо л гэнэт утааны асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ярих болчих юм.
Хэрэв буруу санаагүй бол 2000-аад оны эхээр л энэ асуудал ноцтой хэмжээнд босч ирсэн. Хөдөөд хөгжилгүй, ажлын байргүй, төрийн бодлого дутмаг зэргээс шалтгаалан хотод шилжин ирэгсэд илтэт нэмэгдсэн, нийслэлд иргэдийн ажил эрхлэлт, нийт ард иргэдийн цалин хөлсний баталгаагүй, хангалтгүй байдал зэргээс шалтгаалан гэр хорооллын хэр хэжмээ хэтэрч, хот төлөвлөлт 90-ээд оны дунд үеэс орхигдсон зэрэг дэндүү "Аюултай" нөхцөл байдлыг тэвчиж ирчихээд одоо л гэнэт анхаарах болоотхов. Тэгсэн хэрнээ ҮАБЗ энэ олон жил улсын төсөвт жил бүр суулгадаг Хотыг "Утаа"-наас аврах тэрбум тэрбум төгрөгийн үргүй зардлын талаар огт дуурсаагүй хэрнээ одоо л нэг юм ам нээх болж байгаа нь энэ үү. Ниргэсний дараа хашгирдаг Монгол ухаан одоо л гэнэт сэрж байгаа юм уу. Би иргэний, сэтгүүлчийн үүргээ биелүүлж 2003 онд "Бидний араншин" нэвтрүүлгээрээ утааны асуудлаар цуврал нэвтрүүлэг бэлтгэж, хотын захиргаа, хотоос УИХ-д сонгогдсон эрхэм түшээдэд хаягласаныг одоо хэн нь санахгүй байгаа байх. Байгаль орчны төв лабораторид туршилт хийгээд иргэдийн уушги авах юмгүй болж байгааг зөндөө л үзүүлсэн. Тэр үед хэн нь анхаарч хараагүй. Үүнээс хойш бүхий л мэдээллийн хэрэгслээр намар болохоор л дохио өгч ярьдаг, бичдэг, хэлдэг байсан. Тэгтэл одоо л нэг юм хор уршигийг нь ойлгож, түүний эсрэг босохоор болоо юу. 2004 оны сонгуулиар 40.000 айлын орон сууц хөтөлбөр ярьж байсан ч үнэн хэрэгтээ өнөөдрийг хүртэл хөтөлбөр хэрэгжээд сүйд болсон юм алга л байна. Улс төрийн томилгоотой хотын дарга нар газрын наймаа эрхэлж, ганган BMW-гээр гоёлоо хийснээс галзууртал улангассан Утаа угаарыг багасгах биш нэмэгдүүлэх бодлого баримталсаар удсаныг сая л нэг юм анзаарч байгаа юм байх даа. Одоо бүр хэтэрхий оройтсон юм шиг санагдахгүй байна уу. Гадны зээл тусламж авах арга чарга нь барагдаад ирэхээр АНУ-ын Мянганы Сорилтын корпорациас "Утаагаа багасгамаар байна" гэж ирээд л хэдэн зуун сая доллар авсанаа зарцуулахгүй байгаа дарга нарт итгэх арга алга. Утаагүй түлш, утаагүй зуух үйлдвэрлэгч хувь иргэдийн санал санаачлагыг үндэсний хэмжээнд дэмжихгүй юм аа гэхэд, Эрчих хүчний салбарыг тэргүүлж байгаа Зоригт мэтийн сайд нарынхаа дулаалга нэртэй нийлэг гэрийн бүрээсийг нийтэд шахах ажлыг нь болиулсан бол дээр байх байсан юм.
Удахгүй сар шинэ болно. Энэ үеэр айл бүр л буузаа хийгээд гадаа хар утаанд хөлдөөнө. Мэргэжилтнүүд энэ буузыг идэх нь байтугай үнэрлэж болохгүй гэж байсныг санах хүн энэ дарга нарын дунд буй болов уу? Хавар болж дуулаарах үеэр утааг ор тас мартдаг хотын удирдлагууд, зайсан хавиар орогнож суугаа УИХ-ын гишүүд бидэнд хэрэгтэй ч юм уу даа. Эсвэл тэдний амьдардаг утаагүй бүсэд ойр хавьцаа угаар үнэртэх болсон юм болов уу.

No comments:

Post a Comment