За нэг ийм нэртэй юм биччихвэл зарим улсууд боогоод үхчихдэг юм болов уу? Миний хувьд лав тэгж санагдаад байгаа юм. Билгийн тооллоор шинэ жил, шинэ сар гарч байгаа болохоор л 15 хоног золголт хийдэг энэ уламжлал бол үндсэндээ өнөөгийн шашныг даган Монголд мөнхлөгдсөн шашинт төрийн баяр гэх үү дээ.
Энэ баяраар ураг төрөл, удам судраа нэхэн дурсах, эргэн уулзах сайн сайхан талтай ч "Нэрэлхүү" Монголчуудад нэрмээс болсоор овоо олон жил болоод байгаа юм шүү дээ. Ээж, аавын яриагаар бол солиализмын үед малчид л баяр хийдэг, түүнийг нь Малчдын баяр гэж нэрийддэг байсан сурагтай. Харин Ардчилалтайгаа зэрэгцээд айл өрх бүр цагаан сараа хийж эхэлсэнээр эрх чөлөөг хэтрүүлсэн шигээ "Нэрээ идэж" эхлэх нь тэр. Хэвийн боов, ууц, бууз, тэгээд уулга идлэгийн олон төрөл зүйл, бэлэг сэлт... Энэ мэтийг үргэлжлүүлэн жагсаалт гаргавал хэтэрхий урт болно.
Манайханд сүүлийн 10-аад жил яг хэдэнд баярлах ёстойгоо мэдэх хэрэг гарах боллоо. Төгс буянт, төгсгүй буянтын зурхайнууд, Арго мэтийн гэнэт тодорсон хувилгаадын Хөх дэвтэр энэ тэр гээд толгой эргэмээр олон сонголт... Яахав шашин шүтэх, эс шүтэх нь эрхийн асуудал боловч эцэстээ мухар сүсгийн гайгаар яг юу шүтээд байгаагаа ч ойлгохооргүй болоод байна. Дэндүү том төөрөгдөл. Шинийн нэгний өглөө мөр гаргах ёс үйлддэг байдал бол үүний маш том жишээ. Зүй нь бол мөрийг гэрийн хаалганаас гарсанаар нь тооцдог. Гэтэл хойшоо харсан хаалгатай айлаас мөр гаргахаар завдах нь туйлын хүнд даалгавар болох жишээтэй. Үнэндээ бол дэлхий дээр амьдарч буй 6 тэрбум хүн мань мөр гаргахгүйгээр зөв сайхан амьдраад байх юм. Юм бүхэнд хэтэрхий туйлширч автах нь бидэнд л аюултай. Миний нэг таньдаг хүн бий. Тэр хүн сардаа хэдэн удаа ном уншуулж, хэдэн удаа даллага авхуулаад, хэдэн удаа тахил өргөөд байгааг ойлгохгүй юм. Дээрдсэн зүйлгүй, харин бүр уруудаад ч байх шиг. Шинэ сар нь гарангуут засал хийлгэх нэрээр баахан лам нарыг тэтгэнэ. Тэд татвар төлдөггүй хүмүүсийн тоонд ороод явчихна. Биднийг мөлжигчдийн нэг хэсэг нь гэсэн үг. Хэтэрхий нүсэрдсэн цагаан сараар хэдэн саяын зардал гаргадгаа тооцоод, хавар нэг хэсэгтээ зүдүүхэн явдагаа санаж байвал энэ бүхэнд зориулж "Тахил" өргөхөө больцгооё л доо. Энэ баярыг зүгээр л ураг, удмын, төрийн ёслол хүндэтгэлийн л баяр байлгая. Ахмадаа тэтгэсэн, багачуудаа өргөсөн баяр болгоё.
No comments:
Post a Comment