Tuesday, December 21, 2010

Шинэ жилээс юу хүсч байна вэ?

Хүн бүр шинэ оноо угтах баяр ёслолын талаар бодож байх энэ зуур ирэх жилийн талаар хэлэлцмээр санагдлаа. Шинэ жил айсуй үед та ч бас над шиг шинэ зүйлийг хамгаас илүү хүсч байна уу? Тийм бол үргэлжлүүлэн уншаарай.
Юун түрүүнд улирч байгаа энэ он танд юу өгсөн, юуг бас авч одсон талаар эргэн санагалзах хэрэгтэй мэт. Миний хувьд өнгөрсөн он олон сайхан үйл явдлын гэрч байсны дээр, зарим нэг зүйлийг орвонгоор нь эргүүлсэн гэж болох юм. Мэдээж хэрэг сайнаас нь эхэлбэл дээр байх.
1. 2010 оны эхээр дэлхийн тодотголтой нэгэн хамтлагийн тоглолтыг үзэхээр урагшаа зорчоодхов. Хэдийгээр "Ногоон өдөр"-ийг /Greenday/ сонирхоод байдаггүй ч дүү нарынхаа санал болгосон тэр тоглолтыг үзсэн юм. Нэгэнт л шинэ цагийн хөгжмийн урлагийн төлөө өөрийнхөө чадлыг сорьж байгаа болохоор ийм тоглолтыг үзсэн нь нүд нээх шиг таатай байсан билээ.
2. Гэрэл зурагт өөрийн гэсэн мөрийг гаргах хүсэлдээ автах болов. Д.Энхтайванаас анхныхаа камерыг худалдан авч, гэрэл зураг авах арга ухаанд суралцахыг хичээсэн билээ. Мэдээж хэрэг жил ч болоогүй тул хэт сонирхогч төвшинд суралцаж байна. Гэхдээ хамгийн гоё нь өөрийн хүссэн дүр зургийг, өөрийн харахыг хүссэн өнцгөөсөө харах болсон нь хамгийн гайхалтай нь юм. Цаашид ч хичээн суралцах болно.
3. Эх орныхоо үзэсгэлэнт нутгаар хэсэг боловч аяласан юм. Энэ хамгийн таатай нь. Өвөрхангай, Завхан, Увс аймгийн нийт 17 суманд ажлаар явахдаа бахархам, сэтгэл хөдлөм цаг мөчүүдийг өнгөрүүлсэн нь энэ зуны мартагдашгүй өдрүүд байсан гэдгийг энд онцлох нь зүй.
4. "Mongolian Music Video Awards 2010" наадмыг зохион байгуулж, хөтөллөө. Хэл ам, хэрүүл тэмцэл, элдэв шүүмжлэл дагуулдаг ч Монголдоо л хамгийн олон жил үр дүнтэй, тасралтгүй зохиогдож байгаа энэ ёслолын сүүлийн 3 жилийн түүхийг бичиглэх бас нэгэн азтай хувь тохиосон нь яах аргагүй оны онцлох үйл явдал. Энэ наадмаас би бээр өөрийнхөө хэр чадал, танил тал, үнэ цэнээ тодорхой хэмжээнд олж авсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
5. Хөтлөгчийн хувиар өссөн байна. Анх 2000 онд урлагийн их тайзнаа ердөө 4 мөр хэлэх гэж гарч байсан багахан хөтлөгч 10 жилийн дараа төр засаг, олон нийт, бизнесийн томоохон ажиллагаанууд, хувь хүмүүсийн насандаа мартахгүй олон үйл явдлыг хөтлөж, гэрч нь болсондоо сэтгэл ихэд хангалуун буй.
Энэ мэт сайхан таатай үйл явдлуудаас гадна өч төчнөөн таагүй явдал намайг дагасан байх юм. Элдвээр хэлэгдэх, хардагдах, магадгүй их зантай, өөдгүйгээрээ дуудуулах тийм ч таатай байгаагүй. Гэхдээ сэтгэлээр унаж, муулсан төдийгөөр нь газарт булагдсан гэвэл худлаа. Г.Хантулга саяхан Твиттертээ бичсэнчилэн "Юм хийсэн хүн шүүмжлэлд өртдөг" гэдэг үгийн үнэнийг батласаар ирсэндээ тун баяртай сууна.

Харин би ирэх шинэ оноос өөрийнхөө хувьд аливааг ялан дийлэх хүч, тэр дундаа өөрийгөө нутлах цаг хугацаа ирсэнийг батлах болно. Сурч боловсорч, тэр ялангуяа өөрийгөө шалгах их шалгалтын он байхыг хүсч байна. Харин та шинэ оноос чухам юуг хүсч байна вэ?

3 comments:

  1. "Юм хийсэн хүн шүүмжлэлд өртдөг" сайхан үг байна, Твиттерийн найз нөхөд, онцлог хамт олонтой болсон нь бас нэг онцлог үйл явдаг байсан боловуу, удахгүй өөрийхийгөө бичихээр шийдлээ.

    ReplyDelete
  2. олон хүний дарга болох нь дээ хэхэхэ

    ReplyDelete
  3. Дотны хүмүүс болон өөрийн минь эрүүл мэнд,аж жаргал. Бас илүү их боловсрол хүсч байна. 2010-аас жаахан илүү байхад болно оо. =D
    2011-т нь амжилт хүсэе!

    ReplyDelete