Monday, October 29, 2012

Тэвчээр шалгах мөчүүд

Тэвчээр гээчийн талаар хүн бүр л дотроо бодож байсан биз. Шүд өвдөхийн зуур, тас гэдэргээ савж унасны дараа өвдөлт бүрийг тэвчих хэцүүг та ч барагтаа л мэдэж байгаа. Гэхдээ тэвчихэд, тэвчихээс аргагүй сэтгэлийн асуудал мянгатаа тохиох юм, бидний амьдралд...
Хайрлах үед, хайртай гэж хэлснийхээ төлөө, хайрласаар байхынхаа учир ямар их, хязгааргүй их тэвчээр гаргадагаа анзааралгүй өнгөрдөг нь "Хүн" бид нар юм шигээ. Шохоорхож, дурлаж, хайртай болж болох ч бүхнийг эхлүүлсэн даруйдаа тэвчихээс ч өөр боломжгүй өдөр хоногуудыг өөрөө ч мэдэлгүй туулдаг учраас хүмүүс өөрсдийгөө сэтгэлийн, бас ухаант амьтан гэдэг байх. Анхныхаа харцаар дурлаад, хайрлаад амьдрал зохиогсод нь хорвоод ховорхон байх. Тийм ч учраас хэн ч амьдралыг туулах ханьтайгаа учрахаасаа өмнө, нэг битгий хэл нэжгээдийг үзсэн байдаг байлгүй. 
Хэн нь ч юм бүү мэд "Хязгааргүй хайртай хүндээ тэвчимгүй муу үг бүү хэл" гэж хэлсэн байдаг шүү дээ. Хэн хэнийх нь өмнө хожидын амьдрал бол шинээр эхлэгсэгдэд хүртээлгүй тул ярихын, бүр бодохын хэрэггүй байх. Яв цав нийцсэн ханийг олно гэвэл үлгэрт, кинонд л гардаг гэвэл барагтаа л хилсдэхгүй. Тиймээс л хагас жарныг хамтдаа туулчихаад хоёр биенээ таниагүйгээр барахгүй, шинэ араншинг олж илрүүлдэг байлгүй дээ. Тэр угаасаа л бидний олж үзэх учиртай давж гаршгүй шинэ зүйл юм. 
Ерөөсөө хагацашгүй амьдрах боломжийг харилцан ойлголцол, хамтаар шийдэх шийдэл бүхэн л авчрах ёстой. Тэгж чадаагүй үед хямдхан, хялбархан, эмзэг төгсгөл хүлээх нь зайлшгүй... Энэ нь ганц хайртай амрагуудад бүү хэл, он жилүүдийг угтах андуудад ч бас хүртээлтэй! Ялихгүй юм ямааны гарз гэлээ гэдэг шиг, явахгүй яриагаар юу хийх билээ. 
Ханиа гэж сонгосон бол итгэж, тэвчиж явах нь хамгийн зөв байхаа. Тэвчээрт хязгаар бий гэх боловч, тэвчих гэхээсээ найр тавьвал юуг ч сайнаар эргүүлэх боломжтой гэж бодож байна.

2 comments:

  1. Сайхан бичиж ээ. Тэвчээрт хягаар бий гээд тэвчихгүй байж болохгүй гэдэг нь зөв шүү. Найр тавьбал наашаа эргэх ч цаашаа харсан тал нь харин эргэдэггүй юм билээ. Цаашаа харсан чигээр эргүүлэх үү, эсвэл шинэ наашаа харсан өөр талыг олж харах уу гэдэгтэй тулгарна. Эдгээрх нь хүмүүсийн дотоод мөн чанар хийгээд харилцааны соёл, харилцан итгэх итгэл, хайрлаж чадах зориг, тэвчээрээс шууд хамаарна гэж болож байна. Хүн хэдийгээр эсрэг хүйстэнээ сонгохдоо өөрт таалагдаад сонгодогч тэр бүр яв цав таарсан хос байх нь нэн ховор. Ихэнхдээ хэн нэгэн нь нөгөөдөө уусан адил болсон байдаг нь хорвоогийн зохицох ёсон болой. Хүнд хүнийг хайрлах зориг дутдаг. Аман дээрээ хэдий хайртай дуртай хагацахгүй гэдэг авч дотоод сэтгэлийн мөн чанар нь өөр нэгнийг харахад алга болчихдог өчүүхэн сэтгэлтэн байх жишээтэй.

    ReplyDelete
  2. Бороо чамтай санал нэг байна.

    ReplyDelete