Wednesday, March 16, 2011

Ёс зүй хаахна явна аа, мэргэжил нэгт нөхөд минь ээ?


Монголд ёс зүйн асуудал нэн чухал болсонтой та санал нийлэх биз. Чухамдаа яг юуных гэдэгт биш, нийгмийн бүхий л салбарт ёс зүйн тухай ярьж хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Ухаандаа нийгэм бүхэлдээ соёлт хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн амьдарч буйн хувьд ёс зүй,  алив мэргэжлийн хариуцлагыг нарийн чанд ухамсарлах учиртай билээ.
Тэр дундаа манай сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн ёс зүйн зарчим рхигдсон зүйл болж хувирах дөхөөд байна. Доор сийрүүлсэн мэргэжлийн ёс зүйн зарчимтай өнөөгийн сэтгүүлчдийн гаргаж байгаа ажил мэргэжлийн алдаа дутагдал хэр эвцэж байгааг нэг хараасай гэж хүсч байна. 

2005 оны 3-р сарын 11-ний өдөр хуралдсан
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн
II их хурлаар батлав.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ
Мэдээлэл авах, үг хэлэх эрх чөлөө бол хүний үндсэн эрх гэдгийг дээдэлж, сэтгүүлчийн эрх үүргээс нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж, Монголын Сэтгүүлчид дараахь ёс зүйн зарчмыг өөрсдийн мэргэжлийн хэм хэмжээ хэмээн тунхаглаж байна.
Нэг. Олон түмний үнэнийг мэдэх эрх ашигт ямагт захирагдана.

- Энэ нэгдүгээр зарчимд захирагдах сэтгүүлч хэр олон байна вэ? Өөрийн олж авсан дульмаг мэдээллээр үзэгчдийн тархийг угаах нь хэр зохимжтой вэ? Мэдээж хэрэг энэ асуултад та сөрөг хариулт өгөх байх. Өнөөдрийг хүртэл улиглаад буй Японд болсон байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотой мэдээллийн эх сурвалж үнэн баттай гэхээсээ илүүтэйгээр бусдаасаа өрссөн, олны анхаарлын төвд байх гэсэн башир аргад дулдуйдсан байлаа. Олон түмэн үнэн мэдээллийг хүсэмжлэх авч телевизийн голдуу сэтгүүлчдийн алдаа оноотой мэдээлэл нь Монголд гамшиг болсон мэт сэтгэл түгшээсэн билээ.

Хоёр. Мэргэжлийн ноцтой алдаа гаргахгүйн төлөө ажиллана. Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төр гутаахыг цээрлэнэ. Өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулахаас зайлсхийнэ.Нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хахууль авахыг ёс бус гэж үзнэ. Баримтыг нуун дарагдуулахыг мэргэжлийн алдаа гэж үзнэ.

- Энэ зүйлд алдаа их байгааг манай сэтгүүлчдийн өнөөгийн дүр төрх элдэв баримт сэлт гэлтгүй ил тод харуулах байх. Ялангуяа манайд захиалгат сэтгүүл зүй гэх маягийн зүйл нэн эрчимтэй хөгжиж, одоо бүр тэр нь оргилдоо хүрч байна. Ирэх онд болох Улсын Их Хурлын сонгуулийн сунгаа энэ хавраас эхлэж байгаатай зэрэгцээд худал хуурмаг үг, урван тэрслэлт зэрэг нь сэтгүүл зүйн алдаа оноотой хамтдаа яваад эхэлчихсэн. Гэхдээ ирэх жилийн сонгууль хүртэл овоо хугацаа байна даа. Залхаж үхмээр ч юм шиг...

Гурав. Бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ.

- Өнөөдөрхөн нэг хэвлэлийн бага хурал боллоо. Энэ хурал юуны тухай гэхээр сэтгүүлч Г.Уянга түүний нөхөр Д.Баатархуяг нар бичсэн зүйлийнхээ төлөө шүүхэд дуудагдаж, бас энэ дуудагдсан шалтгаантайгаа тэрсэлдэж байгаа явдал юм уу /Миний ойлгосноор шүү дээ.../. Энэ өдрийн хэвлэлийн бага хурлын талаар товчхондоо бол "... Сэтгүүлч Д.Баатархуяг өнгөрөгч 2010 оны гуравдугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” хэмээх нийтлэлдээ БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн аж. Харин түүний эхнэр Г.Уянга үүний дараа ҮШН-аас Улаанбаатар паласт зохион байгуулсан “Ард түмний их хуралдай” гэгч үйл ажиллагаан дээр БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан хэмээн мэдэгдсэн билээ." нэг иймэрхүү. 
Гэсэн хэдий эцэст нь сэтгүүлч, улс төрч гэр бүлийн гишүүн Г.Уянга, Д.Баатархуяг нар бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээхгүй гэх маягийн юм яриад яваа бололтой. Тэр нь энэ хэсэг маш тодорхой харагдана. Уншаад үзээрэй. 
"... Харин Д.Баатархуяг өөрөө бол “Сонины бүтэн хоёр дугаар дамжсан том нийтлэлд Л.Гансүх сайдын нэр ганцхан удаа орсон. Сая долларын байшин гэдэг бол зүгээр л хэлц үг юм, яг ийм үнээр авсан гэсэн ч үг биш” гээд, ер нь ч тэгээд манай сайд нар яахаараа бүгдээрээ “MCS” компанийн барьсан байшинд амьдардаг юм. Энэ бол тус компанийг тойрсон авлигын сүлжээний нэгхэн хэсэг нь” гэж мэдэгдэв.
Үүнээс та юу гэж дүгнэх вэ? Энд дүгнээд ч байх шаардлагагүй юм уу даа... Учир нь тэд аль дээрээс л хойш иймэрхүү юм биччихээд дараа нь олон юм яриад бултаад сурчихсан сэтгүүлчид байгаа юм.

Дөрөв. Хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанд нууцална.

Тав. Бусдын бүтээлийг хулгайлах, хуулбарлахыг цээрлэнэ.

Зургаа. Шашин шүтлэг, хүйс, яс үндсээр ялган гадуурхах, гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй байна. 

- Гэмт үйлдэл, хууль бусыг хөөрөгдөн сурталчилахгүй байх энэ зүйлийн хувьд жишээ их бий дээ. Энэ нь юунаас болдог вэ гэвэл сэтгүүлчдийн санаандгүй болон санаатай алдаанаас болдог. ТВ8 гэж телевизийн Шөний толь гэх сурвалжлага үүний сонгодог жишээ нь байгаа юм. Биеэ үнэлэгчидтэй тэмцэх нэрээр ажил байдлыг нь үзүүлж, үнэ ханшийг нь нийтэд зарладаг, шөнийн цэнгээнийг илчлэх ажлаар хэд хүртэл, хаана ямар газар ажилладагийг нь олонд дэлгэдэг гээд л...  Ихэнх сэтгүүлчид "Махны үнэ маргааш нэмэгдэх гээд байна..." гэж яриад л махны үнийг хөөргөчихдөг сүрхий нөлөөтэй улсууд. 
             
Долоо. Хувийн нууц, бусдын зовлон шаналлыг ойлгож хүнлэг, энэрэнгүй ёсыг ямагт сахина. 

-Танайд хоноё гэж нэвтрүүлэг гардаг байлаа. Гардаг байлаа ч гэж дээ. Одоо ч гарсаар байгаа байх. Анх Алтантүрүү гэх нөхөр хөтлөж, бас ч гэж ХИТ болгосон. Санаа нь аятайхан. Гэхдээ манайдаа таарсан "Халтар" хийцтэй нэвтрүүлэг байлаа. Энэ нэвтрүүлэгт ёс зүйн зарчмын энэ зүйл багагүй зөрчигдсөн дөө. Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг энэ тэр гэх гоё үг бол бүр мөн чанараа гээсэн. Нэтрүүлгийн дугаар бүрийг та барагтаа л санаж байгаа биз. Тиймээс дэлгэрүүлэх хэрэггүй болов уу. Мань эрийн нэвтрүүлэг эцэстээ АПУ-гийн архины сурталчилгаа, сонгуулийн үр дүнтэй шоу болоод л дууссан даа хөөрхий. 
 
Найм. Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ. 

-Мэргэжлийнхний хамгийн нандин чанар энэ зүйл дээр харагдах учиртай юм. Би өөрөө телевизэд хэдэн жил ажилласан хүний хувьд телевизийнхэн маань харьцангуй боломжийн ёс зүйтэй гэдгийг батлах байна. Гэхдээ одоо ямар болсон юм байгаа юм. Харин сонин сэтгүүлийнхэн, тэр дундаа "Шар" сониныхон гэх нэр алдрыг зүүгсэд өөр хоорондоо тольхилцоод, нэрээ хувааж идэх шахдаг гэдгийг хэд хэдэн удаа өөрийн нүдээр харсан юм. Сүүлийн үед "Хөрөнгөтөн" гэргий нарын ихээр унших болсон 2 сэтгүүлийг үндэслэгчид бие биенийхээ санааг хулгайлсан гэх нь бий.
            
Ес. Буруу ташаа мэдээлэл гаргасан бол засч залруулахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ.
             
Арав. Монголын сэтгүүлчид мэргэжлийн нэр төрөө эрхэмлэн, энэхүү ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгохыг үүргээ гэж үзнэ.
          
Нэг ийм ёс зүйн зарчим Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн II их хурлаар батлагдсан нь бий. Эрхэм та саналаа хуваалцана биз ээ.

No comments:

Post a Comment