Хүндэт үзэгчид ээ, Улаанбаатар чуулгын шинэ бүтээл, И.Ф.Стравинскийн "Ариун хаврын тахилга" этно балетыг өнгөрөгч IV/24,25-нд өөрийн тайзнаа тоглож үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Улаанбаатар чуулгынхан 2015.07.11-ний 19:00 цагаас энэ алдарт бүтээлийг дахин ганц удаа тоглох гэж байгаа юм.
Ингээд та бүхэндээ МОНГОЛTV-ийн "Гэгээн Анир" нэвтрүүлгийн зохиогч, сэтгүүлч Ё.Мөнхзаяагийн бичсэн тэмдэглэлийг хүргэж байна. Хэсэгхэн хором анхаарал хандуулан уншаарай.
Оросын суут хөгжмийн зохиолч Игорь Стравинскийн симфони найрал хөгжимд зориулан бичсэн бүтээлийг Монголд анх удаа тэр тусмаа үндэсний хөгжмийн ая аялгуугаар эгшиглэхийг сонсож, орчин цагийн бүжгийн хөдөлгөөнийг эрт балар цагийн буюу Хүннүгийн үеийн үйл хөдлөлөөр баяжуулсан этно балетыг үзэн нүд сэтгэлээ баясгасан сайхан үдшийг өнгөрүүллээ. Энэ бол Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн үзэгчиддээ барьсан гайхамшигтай бэлэг байсан. 20-р зууны хөгжмийн урлагийн түүхэнд цоо шинэ өнгө төрхийг авч ирсэн хэмээгдэн хөгжмийн ертөнцийн түүхэнд нэрээ мөнхөлсөн энэ суутны бүтээлүүд тэр тусмаа “Ариун хаврын тахилга” хэмээх энэ бүтээлийг дэлхийн олон орны томоохон хөгжмийн оркеструудад 120-150 хөгжимчний бүрэлдэхүүнтэйгээр тоглодог бол Монголд анх удаа 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим амилууллаа. “Стравинскийг яаж үндэсний хөгжмөөр дуугаргана гэж” хэмээн гайхсан, үл итгэсэн байдал, шивэр авир хийх шуум байсныг нуугаад яахав. Гэхдээ энэ байдлыг тэд эвдэж юу хийснээ, юу хийж чадахаа харуулсан. “Ариун хаврын тахилга” этно балетын Монгол дахь нээлтийн үеэр Монголын хөгжмийн ертөнцийнхөн, бүжгийн урлагийнхан, урлагт хайртай үзэгчид хүрэлцэн ирсэн нь энэ бүтээлийг сонсох гэсэн, харах гэсэн хүлээлт мэргэжлийнхний дунд ч бас байсны илрэл бизээ. Тоглолт эхлэхдээ л хөгжмийн дуугаралтаараа үзэгчдийн анхаарлыг татсан. Хөгжмийн яаманд суусан 24 хөгжимчин тус бүртээ маш чухал үүргийг гүйцэтгэж, бүгд ур чадвар шаардсан солист тоглолтуудыг үзүүлснээрээ үндэсний хөгжмийн дугаралтын цар хүрээ чадал чансаа, мөн Монгол хүний авъяас чадварыг давхар давхар харууллаа. Үндэсний хөгжмийн найрлыг удирдаач УГЗ Н.Туулайхүү дохин тоглуулсан нь бас л энэ тоглолтын нэгэн өвөрмөц хэсэг. Тэрээр симфони найрал хөгжмийн дуугаралтыг хөгжимчдөөс шаардсан хэмээн өөрөө ярьж байсан бөгөөд тэр бүр удирдаач бүхэн барьж авч дохиод байдаггүй хүнд бүтээлийг, тэр тусмаа Ставинскийг үндэсний хөгжмөөр тоглуулснаараа бас л анхдагч боллоо. Хөгжимчдийн ур чадвар үнэхээр сайн байсан. Тэд бүгд мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг бүрэн дүүрэн харуулахын зэрэгцээ энэ бүтээлийг тоглосноороо маш их туршлага сууж, өмнөхөөсөө нэг шат ахисан гэдэгт итгэлтэй байна. “Стравинскийг үндэсний хөгжмөөр дуугаргах үнэндээ хэцүү л дээ. Гэхдээ Стравинский сонсогдлоо, сайн байна. Маш том туршилт байлаа, амжилттай шүү” хэмээн хөгжмийн мэргэжилтнүүд сэтгэгдлээ хуваалцаж байсан. Энэ бол тэдэнд өгч байгаа том үнэлгээ гэж хэлж болно. Энэ үнэлгээний гол эзэн бол залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл. Стравинскийг үндэсний хөгжимд зориулан хөрвүүлэн найруулсан түүний ур чадварыг магтах хэрэгтэй. Үндэсний хөгжим дээр Стравинскийг яаж дуугаргах вэ, ямар бололцоо байж болох вэ гэдгийг тэр үнэхээр харуулсан. Үнэхээр хүнд, хэр баргийн хүний санаанд багтахгүй асуудал. Тэрээр залуу хүний зориг эрмэлзэл, өөрийн ур чадвараа үнэхээр харууллаа. Магтмаар, ийм сайхан залуу хөгжмийн зохиолчид манайд төрөн гарсаар байгаа нь бахархалтай.
За бас магтахгүй байхын аргагүй хүмүүс бол бүжигчид. Этно балетын бүжгийг алдарт Энхгэрэл дэглэсэн. Монгол үндэсний бүжгийн хөдөлгөөнийг орчин үеийн хэмнэл хөдөлгөөнтэй хослон нийлүүлсэн дуу алдам дэглэлтүүдийг түүний бүтээл бүрээс харж болдог. Бүжгийн хөдөлгөөн элементүүд, тоглоом наадам, зан үйлийн ёслолуудыг тэр чадварлаг хослуулжээ. Эрт баларын Хүннүгийн үеийнхний үйл хөдлөлийг эрхгүй санагдуулсан бүжгийн хөдөлгөөн, утга санаа, үйл явдал ойлгомжтой. Бүжигчид ч бас чадварлаг байсан.
Хүн байгалийн харьцаа, хавар цагийг хүсэмжлэн цөхөрсөн ард түмэн аргаа барахдаа өөрсдийн сүсэг бишрэлээр газар дэлхий, тэнгэр огторгуйдаа хүндлэл үзүүлж байгаа үйл явдал. Энэ үйл явдлын золисонд ариун сайхан бие, залуу насаа зориулан насан эцэслэтлээ бүжиглэж байгаа охины дүрийг гоцлол бүжигчин Ганчимэг гайхамшигтай бүтээсэн.
Ийнхүү Монголд анх удаа 102 жилийн дараа Оросын алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балетын хэлбэрээр амиллаа. Дэлхийн олон улс орнуудад энэ бүтээл өөр өөрийн өвөрмөц онцлог тавилтуудаар амилан үзэгчдэд хүрсээр ирсэн бол Монголын үзэгчидтэй ийнхүү этно балетын хэлбэрээр уулзсан нь бүр ч илүү ойлгомжтой ойр болох шиг санагдлаа. Бүжгийн гайхамшигтай хөдөлгөөнөөр юуг ч харуулж болно гэж энэ юм болов уу. Улаанбаатар чуулгынхандаа баярлалаа. Шинэ бүтээлийг үзэгчдэд хүргэх, сурталчилах ажлаа маш идэвхитэй хийсэн залуухан боловсон хүчин маркетинг менежметийн багийнхан ч бас чадварлаг байсныг дурьдах хэрэгтэй. Нэмж хэлэхэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын хамт олон сүүлийн үед менежментийн өөрчлөлт хийн чуулгынхаа гадаад болон дотоод үзэмжийг сайжруулан орчин үеийн тохижилттой болгохын зэрэгцээ уран бүтээлийнхээ бодлогод ч бас цоо шинэ тэсрэлтүүдийг хийж олон шинэ шинэлэг уран бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барих болсныг магтахгүй байхын аргагүй. Та бүхэндээ уран бүтээлийн амжилт хүсье. Үзэгч түмнээ соён гэгээрүүлэх их үйлсдээ улам их амжилт гаргаж, бүх нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, оюуны цангааг нь тайлах бүтээлүүдээр үргэлж үзэгч бидэндээ бэлэг барьж байгаарай.
No comments:
Post a Comment