Friday, February 21, 2014

ЯАГААД CELI /CLEVERLEARN ENGLISH LANGUAGE INSTITUTE/ ГЭЖ?

Тийм ээ, яагаад CELI гэж? Ийм асуултыг их олон хүн надаас асуулаа. Англи хэл сурахын тулд өөрт байгаагаа болон эцэг эхийнхээ хэдэн борыг зарцуулан байж харь орныг зорихын учир бодолтой байх учиртай юм билээ. Зарим найзууд минь асуусан л даа. Яагаад гуравдагч орныг сонгож байгаа юм бэ? гэж. Үүнд бол цөөхөн хэдхэн шалтгаан байгаа юм.







Тодруулбал:
1.      Өртөг бага /Амьдрах өртгийн хувьд Англи, Америк, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Фижи зэрэг орнуудыг бодвол хямд/
2.      Англи хэлний дуудлага харьцангуй цэвэр /Малайз, Сингапур зэрэг Азийн зарим орныг бодвол дуудлага нь харьцангуй цэвэрхэн/
3.      Богино хугацаанд суралцах боломж /Хэд л бол хэдэн сараар сонголтоо хийгээд суралцах боломжтойн дээр төвшингөө байнга тогтоолгоно. Хамгийн гол нь та өөрөө хичээнгүйлэн суралцах хэрэгтэй/
4.      Аялах таатай нөхцөлтэй /Сэбү арал бол Азидаа тэргүүлэх зэргийн аялал жуулчлалын бүс юм. Бид Солонгос, Японыг сонгож амраад байдаг бол Солонгос, Япон, Францчууд энэ улсын арлуудыг сонгож амардаг байгаа юм/
5.      Сургуулийн тохитой байр бусад үйлчилгээ /Тохитой гэхээр учиргүй 5 одтой буудалд буух юм шиг төсөөлөх хэрэггүй. Ганцаараа болон 2,4 ортой өрөөнд амьдрахаас гадна, өдрийн 3 удаагийн хоол, өрөөний үйлчилгээ, хувцас угаалга зэргийг нийт зардалдаа оруулж тооцдог нь тааламжтай/
Ийм л шалтгаануудыг дурьдах байна. Энд ирээд зарим зүйлийг илүү дээр ойлгож байна. Бид дүрэмд баригдаж, ичиж, өөрөөсөө нууж сурсан улсууд байна. Гэтэл сургуулийн маань оюутнууд нутаг нутгаас ирсэн учраас бүгд л хэн хэнээсээ л ичихгүй ярьж, сурч байгаа юм. Манай нэг багш хэлсэн л дээ. ...“Ихэнх гадаад оюутнууд хамгийн эхлээд дүрэм асуудаг. Үнэн хэрэгтээ дүрэм бол ярьж сурсан үед өөрөө л ойлгоод авчихаж болох асуудал. Хүүхэд хэлд орохдоо хэзээ ч дүрмийн дагуу ярьдаггүй шүү дээ... Яг тэрэнтэй адилхан чи зүгээр л дагаад яриад бай. Чамд бас үг, бас дахин шинэ үгс хэрэг болно! гэсэн юм. Энэ бол яриангүй үнэн. Ямар ч хэлийг, тэр ялангуяа Англи хэлийг хүн ичихгүй л бол сурах юм байна гэж ойлгоод байна. Ямартаа миний нэг найз энд суралцаад буцлаа. Бид хоорондоо ярьж инээлдсэн зүйл бол түүний үгсийн сан. ...“Ердөө 300-гаад үгээр яаж чам шиг түгдрэхгүй, гацахгүй ярьж сурах вэ гэж...” Энэ дэгс яриа боловч цөөн үгийг гаргуун ашиглаад хэн хүнтэй хэл амаа ололцдог найзыг маань үнэлсэн яриа юм. Үнэхээр ч найзыг маань гадна, дотны хэн бүхэн мэддэг, бүр үгүйлдэг болсныг явсных нь дараа хараад бахархаж суулаа.


ФИЛИППИН ҮЗЭХ ЁСТОЙ ГАЗАР
Үнэндээ бол ингэж л хэлмээр байна. Эндхийн 1 песо Монголын 44 төгрөгтэй тэнцэж байна. Үс засуулахад 30-250 песо хүрэлцээтэй. Үйлчилгээнээсээ шалтгаалаад өөр өөр л дөө. Гадуур хоол идэхэд зэрэглэлээсээ болоод 60-400 песо. Жийпнэй гэх микро шиг унаагаар хөл залгуулахад 8 песо бол такси бүрэн бус км нь 40 песо. Зарим нэг тамхи татдаг хүн тамхины үнэ сонирхож байгаа бол дундаж нь 60 песо байх жишээний. Хоол хүнсэнд тун бага мөнгө зарцуулна. Дэлгүүрт ороод 500 песогоор хангалттай хүнсний зүйл цуглуулж болно. Сургуулийн оюутнууд ихэвчлэн амралтын өдрүүдээр гадуур аялахаар гарцгаадаг. Хол ойроосоо шалтгаалан далайн эрэг дээрх амралтыг 750-4000 песонд багтааж болно. Үүнд мэдээж унаа тэрэг, хоол унд, буудал, бусад ойр зуурын бичил зардлууд багтана. Жишээлбэл та Сэбү арлын хамгийн үзүүштэй Усан хүрхрээ Кавасан Фоллс /Kawasan Falls/ явахаар мордох бол ирж очих унаа, хоол, аврах хантааз, нэтрэх төлбөр зэргийг багтаагаад 2000 песо л зарцуулна. Энэ мэтээр сургалтынхаа хажуугаар амралтаа төлөвлөж болох бөгөөд мэдээж та багш нараасаа, удаан суралцсан оюутнуудаасаа мэдээлэл авч болно. Сэбү арлын эргэн тойронд байгалийн үзэсгэлэн бүрдсэн хэд хэдэн арал байх ба та тийш аялах хэрэгтэйг хэлмээр байна.




ЦАГ АГААР
Сэбү арал бол Филиппин улсын бүлэг арлуудын бараг төв хэсэгт орших томоохон арал юм. Эргэн тойрны 167 арлаас бүрдэх тус бүс нутаг бол эдийн засгийн хувьд хүчирхэг аймаг болохын хувьд дэд бүтэц, худалдаа, аялал жуулчлалын арвин туршлагатай. Сэбү арал үдсэндээ борооны болон хуурай гэсэн 2 улиралтай. Борооны буюу чийглэг улирал нь 6-12 сард тохиох бол бусад үед хуурай улирал болно. Гэвч энэ нь Монголчууд бидний ойлгодог шиг хэт хуурайшилттай, хэтэрхий усан нүдэлсэн бороосог улирал биш юм. Бусад арлуудыг бодвол байгалийн гамшиг нүдний гэм. Жилд 1-2 удаа л Пайпүүн зэрэг далайн шуурга болно. Гэвч энэ нь амиа алдах эрсдэлд хүргэхгүй. Хуурай улиралд дунджаар +36C бол борооны улиралд дунджаар +18C байдаг гэсэн. Надад бол эндхийн цаг агаар таатайн дээр, далайд дуртай над шиг хүнд туйлын тохиромжтой санагдаж байгаагаа хэлмээр байна.
Эцэст нь энэ тэмдэглэлийг би хэн нэгний, аль нэгэн байгууллагын захиалгаар үйлдээгүй бөгөөд Англи хэл сурахаар гадагш явахаар зэхэж байгаа олон мянган залууст хэрэг болоосой гэсэн чин хүслээсээ бичлээ. “...Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ!” их зохиолчийн үгийг тэмдэглээд өндөрлөж байна.

Х.БОЛОРБАТ
CLEVERLEARN ENGLISH LANGUAGE INSTITUTE”-ИЙН ОЮУТАН
СЭБҮ АРАЛ, ФИЛИППИН УЛС

2014.02.22

No comments:

Post a Comment