Monday, January 20, 2014

SANTO NIÑO-ГИЙН БАЯР СИНУЛОГ

Филиппин бол Католик шашинтай улс. Шашны үзэл суртал нийт олныг хамарсан энэ улсын аялал жуулчлалын томоохон бүс Сэбү аралд жил бүрийн нэгдүгээр сарын 3 дах долоо хоногийн Ням гарагт албан ёсоор болдог Синүлог /Sinulog Festival/ баярын тухай тэмдэглэлээ дэлгэж байна.


Синүлог баярын хүндэтгэл, бэлэгдэл бол бяцхан Есүс буюу Санто Нинё /SANTO NIÑO/ юм. Улаан нөмрөг, титэм тэргүүтнээр гоёсон балчир Есүсийг жагсаалыг толгойд явах Хатан барьж, харин дагалдагсад бөмбөр, бүрээний хэмнэлд бүжнэ. Энэ баярт оролцогсод тод өнгө, өнгийн хувцас, чимэглэлээр жигдрэх ба өөр өөрийн гэсэн онцлогийг урьдчилан бэлтгэсэн байх юм. Сэбү хотын төв замуудыг хааж аюулгүй байдлыг хангахаар цэрэг, цагдаагийн өндөржүүлсэн бэлэн байдалтай байх нь зохион байгуулалттай болгох гол үндэс байдаг болов уу. Филиппинийн болон гадны хэдэн зуун мянган /сая саяар ч тоолж болох/ жуулчин цугласан төвийн гудамжаар явахад жаахан төвөгтэй. Мэдээж энд хулгай гарах магадлал өндөр. Гэхдээ та үзэхээр зорих бол анхааралтай явбал л болно. Эрсдэл хэзээд хажууд байдаг шүү дээ.
Синулог баярын өдрөөр хүн бүр “Viva Pit Senyor! гэж мэндчилнэ. Гудамж захлаж гарсан худалдааны дийлэнх хэсгийг өнгө өнгийн өдтэй саравч, маск эзэлдэг юм билээ. Төрөл бүрийн шорлог, түргэн хоолнуудаас амтлаад үзэхэд ч буруутахгүй. Хэн ч дагаад бүжиглэчихмээр хэмнэлтэй Синулогийн хөгжим, бүжиг эрхгүй Бразилийн багт наадам ийм байдаг болов уу гэж бодоход хүргэнэ. Баярын жагсаалд оролцогсод зүгээр л зам дагуу бүжээд өнгөрөхгүй. Жагсаалын сүүлийн цэг Сэбү хотын спорт комплекст эцсийн шалгаруулалтад орж, шүүгчид шилдгийг тодруулдаг уламжлалтай.
Үндсэндээ бол баярын тухайд энэ цөөн үгс хангалттай. Гудамжаар алхаж явахдаа баяртаа бэлтгэсэн байдлыг хараад зарим талаар бахархаж байлаа. Гадныхны хөлд дарагдсан хотын төв бол хулгай л гэхгүй бол аюулгүй. Гоёмсог богино цамц, өнгө өнгийн үс, малгай, маскаар гангарсан үй олны дунд алхах бас л сайхан мэдрэмж байлаа.
Би бас нэг зүйлийг уншигч танд зориулж хэлмээр санагдаж байна. Бид нэг үеэ бодвол аялаж, зугаалах санхүүгийн боломжтой болж байна. Тийм болохоор үнэ өртөг гэж тэнгэрт хадсан барууны орнууд гэхээсээ илүү Азийнхаа өртөг бага, аюулгүй бүс нутгаар аялахыг санал болгоё. Тэр дундаа Сэбү руу жим гартал аялахад болохгүй зүйлгүй нь. Далайн эрэг дагуух томоохон зочид буудлуудад урьдчилсан захиалга өгвөл хэд дахин хямдардаг тул эртнээс нарийн сайн төлөвлөх хэрэгтэй. Ид хүйтний үеэр далайн эрэг дээр тарвалзаж хэвтэх ч бас жаргал шүү дээ.

Ингээд зураг үзэж нүдээ баясгаарай.               

















No comments:

Post a Comment