Friday, January 31, 2014

БЯЦХАН ЕСҮС ХҮНТЭЙ ЯРЬЖЭЭ

1. 500 пэсо

2. Санто Нинёг үзэхээр ирэгсэд
3. Санто Нинё

Нэг ийм хачин жигтэй явдал манай энэ хавьд /Lapu Lapu, Mactan island, Philippine/ болжээ. Сургуулийн орчим дах далайн эрэгт 3 хүүхэд тоглож байж. Гэтэл тэдний нэг охин далай эрэгт шидэгдсэн улаан нөмрөгтэй Санто Нинё буюу бяцхан Есүсийг олж түүнийг автал түүнтэй ярьжээ. Яриад зогсохгүй түүнийг бусдад хэл дамжуулахыг хүссэн бололтой юм. Ингээд л хагас километр орчим үргэлжлэх хүний дараалалд энэ хавь өртөж, шар хонин цэцэг барин ирэгсэд олширсоор байх юм. Энэ учрыг зарим нь өөр өөрөөр тайлбарлах аж. Нохой Бяцхан Есүсийг зууж ирсэн ч гэх шиг. Юутай ч байлаа гэсэн энэ явдал Филиппинийн хэт шүтлэгтэй мянга мянган хүний анхаарлын төвд ороод барагтаа 7 хонолоо.

Энэ явдлыг зүйрлэж бодохнээ өнөө бурханаар бөөлжигч залуу эхтэй дүйнэ. Бяцхан Есүстэй золгохоор очигсдын зарим нь бүр өөртэй ярьсан, нүдээ ирмэсэн, инээмсэглэсэн гэхчилэн дэгс гэмээр яриаг ярьж, цуурхал хэдийнэ мөнгөтэй хүмүүсийн сонорт хүрсэн байх шиг байна. Энэ хавиар харагдаад байдаггүй жийп, суудлын тэрэгнүүд согсоол бүрийг эзэгнэсэн харагдана.
Шашин шүтлэг, итгэл үнэмшил гэгч хэн хүнд хэрэгтэй нь үнэн боловчиг хар муйхраар, сохор сургаар шүтээд ирэхээр л бишддэг юм шиг санагддаг юм. Улаан нөмрөгт бяцхан Есүс бол боловсролгүй, хоосон байгаагийн тод жишээ ч гэмээр. Нэгэн бодлын аргаа барж сайн сайхныг хүсэн мөрөөдөгч хүний бишрэл ч юм уу...

Бас нэгэн сонирхолтой зүйл... Филиппин улсын өнөөгийн буюу 15 дах ерөнхийлөгч Benigno Aquino III бол бараг л өв залгамжилсан ерөнхийлөгч юм. Ганц бие, найз бүсгүйтэй мань эрийн хөрөнгө мөнгө бол хэмжээлшгүй юм. Түүний найз бүсгүйн мэдэлд Сан Мигел шар айрагны үйлдвэр байдаг гэж дуулсан. Тэгээд бодохоор овоо бэлтэй эр. Баяжсан түүх нь тийм ч ариухан биш. Улсын хөрөнгийг завших замаар хөлжсөн түүний эцэг нь 1983.08.21-ны өдөр онгоцноос бууж байхдаа толгойдоо буудуулан хороогдсон сенатор Benigno Aquino, Jr. байв. Харин ээж Corazon Aquino гэгч нь Филиппинийн төдийгүй Азийн анхны эмэгтэй ерөнхийлөгч байлаа. Нөхрийгөө хөнөөгдсөнөөс хойш 3 жилийн дараа ерөнхийлөгчөөр сонгогдож 6 жил ажиллажээ. Энэ гэр бүлийн түүх Монгол зарим нэг Парлиаментч гэр бүлийг эрхгүй санагдуулна. Хамгийн инээдтэй, эмгэнэлтэй зүйл нь шинэ ерөнхийлөгч бүр өөрийнхөө эцэг эхийн зураг бүхий мөнгөн тэмдэгт гаргаж хэвшсэн явдал юм. Өнөөгийн ерөнхийлөгч аав ээжийнхээ зураг бүхий 500 пэсогийн дэвсгэрт гаргасан бол түүний өмнөх ерөнхийлөгч нар ч эцэг эхийнхээ зурагтай 200, 2000 пэсогийн дэвсгэртүүдийг гаргаж өөрийнхөө цаг үед ашиглаж байжээ. Энэ бол дэмийрэл, ардаа доромжилсон увайгүй үйлдэл яах аргагүй мөн.

Филиппинийн засаг захиргааны өнөөгийн байдал зарим талаар манайхны ирээдүйг зөгнөх шиг ижил зүйл их харагдах тул энэ мэтийг сийрүүлж байгааг та ойлгож уншина гэж итгэнэ.

Лапу Лапу хот, Сэбү арал, Филиппин

2014.02.01

No comments:

Post a Comment