Эрхэм хүндэт цахим найз таны амрыг айлтган Германийн Мюнхен хотоос мэндчилье. Зуны сайхан нарлаг өдрүүд үргэлжилсээр хэдэн өдрийг Европын хүчирхэг хотуудын нэгэнд өнгөрүүлж байна. Цаг агаар таатайн дээр хүслээрээ явах тавтай сайхан газар байна. Аялан яваа миний хувьд цаг нарт баригдахгүй тул тун чиг сонирхолтой зүйлс ч байх юм. Ингээд би та бүхнийхээ анхаарлыг хандуулах гол зүйлээ сийрүүлсэнээ өргөж байна. Тухтай уншаарай.
1972 онд Мюнхен хотод зохиогдсон зуны 20-р Олимпийн наадмын цэцэрлэгт хүрээлэн, тамирчдын байр өнөөдөр оюутны томоохон хотхон болжээ. Удаан уулзаагүй танил дүүгийнхээ гэрийн зүг явж байтал надад нэгэн түүхийг өгүүллээ. "... 1972 оны зуны Олимпийн наадамд оролцсон Израйлын тамирчдыг Палестины хэт даврагч бүлгийнхэн онц хэрцгийгээр хороосон байр яг манай хажууд байна" гэдэг юм байна. Сонирхол эрхгүй татлаа. Хэдийгээр энэ талаар сонсч байсан ч тэр аймшигт хэрэг гарсан байрны бөөрөнд ирээд зогсчих юм чинээ санасангүй. Лавлаж асуувал тамирчдын олонхийг байранд егүүтгэсэн бөгөөд үлдсэн хэсгийг нь нисэх онгоцны буудал дээр хороосон бололтой юм. Хамгийн аймшигтай нь Израйл улсыг төлөөлөн Олимпод оролцсон нэг ч тамирчин нутагтаа буцаагүй гэх. Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай уг хэрэг гарсанаас хойш 40 жилийг ардаа орхисон байна. Тиймээс ч Израйлчууд амиа алдсан тамирчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх хүсэлтийг Лондонгийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороонд болон ОУ-ын Олимпийн хороонд гаргаад ч тусыг эс олсон сурагтай. Нэгэн бодлын арга ч үгүй биз. Гайхамшигт Олимпийн наадмын сүр жавхлант нээлтийн үеэр олны сэтгэл санааг эвдэх гашуун дурсамж амсуулбал тусгүй хэрэг болно.
Гэвч одоо энэ орчинд амар амгалан зонхилж тамирчдын дурсгалыг хүндэтгэх гэрэлт самбарын дэргэд өглөө бүр, шинэ цэцэгсийн дээжийг тавих болсон байна. Бас нэгэн сайхан зүйл нь Олимпод оролцсон тамирчдын байрлаж асан
байруудад оюутнууд суухдаа өөрийн хүссэнээр орчноо тохижуулан будах,
зураг зурах нь чөлөөтэй юм гэнэ. Тэдний заримаас танд харуулмаар
санагдлаа. Эцэст нь Израйлын тамирчдын гэгээн дурсгалыг хүндэтгэе.
Сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа.. Дотуур байраа хүссэнээрээ булаж зурж тохижуулж болдог нь их таалагдлаа... Манай байр нэг тэгээсэй хэхэ... За цаашдын аялал, Монгол тамирчиддаа амжилт хүсье. Очоогүй бусдынхаа өмнөөс сайхан дэмжээд өгөөрэй..
ReplyDelete