Парис... Энэ нэр гайхамшиг, тансаглал, эрхэм оршихуй зэрэгтэй дүйж сонсогддог уу? Хувцас загварын нарийн торгон мэдрэмж, ихэсийн ямба маягийг эндээс олж харах юм шиг бодогддог уу? Хэрэв та үнэхээр адилхан бодож байгаа бол Парис яг санасан шиг чинь л байх болно.
2005 он бол миний анх удаагаа хилийн дээс алхах таатай сайхан боломж бүрдсэн жил. Өмнөх оных нь өвөл ихийг хийх санаатай оюутан залуу урам хайрласан томчуудын "уран бүтээлч" өдөөн хатгалгаар зориглож, 2005 оны 2-р сард Парист хөл тавьсан юм.
С.Жамбалдорж /хожим МУСГЗ болсон/ гэх эрхэм нэгэн Парисын Дорно дахины хэл соёл иргэншлийн их сургуульд Монгол хэлний багшийн албыг эрхлэх агаад, Элчин сайдын яаманд эгээ л "Сайд"-ын энтэй амьдарч байсан үе. Намайг 7 хоног Парисаар хөлд оруулахын дайтай дагуулж, үүх түүхээс нь өгүүлж байсан нь саяхан мэт ч, нэгэнтээ 7 жилийг хойноо орхисон байна. Өнөөдөр тэр хүмүүн хорвоод үгүй бөгөөд, Парист дахин нэг саатахын үест дурсамж сэдрээн санаанд ирсэн билээ.Парист хүрсэн цагаас эхлэн С.Жамбалдорж гуайн маань тайлбарлаж, ярьж хэлж байсан бүхий л газрын түүхүүд дуртай номын хэсэг санаанд тод буудаг шиг л тов тодоор нэг бүрчлэн буух нь бүр ч хачирхалтай.
Францын нийслэл Парис хот яагаад тийм ихээр сэтгэл хөдөлгөж, юуны учир ингэтлээ их татаад байдгийг огтхон ч ойлгодоггүй байж. Хилийн дээс алхаж хөл тавьсан анхны улс, соёл иргэншлийн нэгэн цагийн төв, өв уламжлалын нарийн чанд дэг энэ бүхний учир нь байхыг ч үгүйсгэхгүй юм. Гэвч үгүй бололтой юм. Угаас уран бүтээлд сэтгэл алдарч, урлагийн юуг ч байсан биеийнхээ нэг хэсэг гэж ойлгосоор ирсэн миний хувьд ерөөсөө л ийм "Урлаг"-ийн хот учиргүй ихээр таалагддаг байх нь ээ. Хараад л өнгөрчихөж боломгүй тийм гайхамшигтай бүхэн энд бий. Зарим талаараа Парис учиргүй дэггүй, бас их сахилгагүй хот... Цэрэг шиг л дэгтэй Германчуудын дэргэд Францчуудын хошигнол, егөөдөл цаанаа л нэг хоржоонтой. Одоо аялалынхаа зургийн сангаас хуваалцья.
No comments:
Post a Comment