Tuesday, January 24, 2012

ЗАСГААСАА ҮҮНЭЭС ИЛҮҮ ЮУГ ХҮСЭЭВ? /Егөөдөл/

Би эсэргүүцэж байна. Бүр маш олон зүйлийг эсэргүүцэж байна. Яг альнаас нь эхлэх, алийг нь тодотгохоо ч мэдэхгүй байна. Гэхдээ л их бухимдал төрөөд өглөгч төрөө "Өмөөрч" бичмээр байна.

Манай улс үсрэнгүй хөгжлийн босго, үнэмлэхүй ялалтын гараан дээр ирчихээд байхад муулж яваа бүгдийг буруутгаж бичмээр байна. Яачихсан гээд л Ардчилагчид төрхөмдөө буцах гэж байхад нь буруутгаж шийтгээд байгаа юм бэ?
Эхнээс нь бодоцгооё. 2008 онд болсон "Хар" гэж тэмдэглэгдсэн тэр нэг өдөр даваагүй амтай, даварсан "Пацаануудын" хорт үйлээс болж хоёр нам нэгдэж, холыг харсан шийдвэр гаргасан нь тэгээд буруу байсан гэх гээгүй байлтай. Хамтарсан засаг эмхлэгдэх үеэр Олимпийн медальтнууд тэврэлдэхэд хүргэснийг одоо бид мартлаа гэж үү? Ардынх нь Ардчилсан болж харагдаад аятайхан л байсан биз дээ? Тэр нь дээр, тэр нь дорой гэж цоллохгүй амар байгаагүй юм уу? Тэгээд хамтарч чадсаных хамаг орлогын үүдийг нээсэн шүү дээ. Оюу Толгойн гэрээг Женифер Лопесын өгзөгний үнэтэй дүйх 100 сая долларын урьдчилгаагаар эхлүүлсэн нь буруу байгаагүй байх шүү. Нэг муу хүүхний өгзөгний үнэ гэж харуусч суугаа бол тайван бай! Тэр чинь Холливудын супер Од. Тэгэхээр дүндээ л дүн гэсэн үг. Алтан гадас нь "Алтан гудас" гэж дуудагдаад, Хувьсгалт нам нь "Ардынх" болж төрөл арилжаад үзүүштэй л тоглолтууд болсондог.
Улс минь хөгжиж, Улаанбаатар минь дэлхийд тэргүүлсээр байна аа. Зүлэг тарьж чаддаггүй бидэнд хотын дарга нар маань ээлээ үзүүлж, урд хөршөөс хэзээ ч гандахгүй зүлэг, мөнх ногоон гацуурыг олноор нь тарьж өглөө дөө... Сайхан л байна. Өвөлдөө дэлхийд баймгүй "Угаар" юугаараа тэргүүн байрыг эзэлж, нэг ч гэсэн зүйлээрээ "Номер" нэг боллоо. Юутай баярлаж бахадмаар.
Сүүлийн үед Үйлдвэрчний эвлэлийн Ганбаа ерөнхийлөгчийг бүр их гайхаж байна. Ард нь жагсахгүй байхад "Бойкот" хийнэ гээд л өөртөө ч, цөөн хэдэн жагсагчиддаа ч төвөг удаад байх юм. Яах гэж тэгдэг байна. Ардууд нь ажрахгүй л байна шүү дээ. Жагсаал зарлаад байхад 1000 хүнээс хэтрэхгүй, үнээ буулгахгүй нь тодорхой гээд хэвлэл мэдээллээр нь зарлаад байхад тэгтлээ даарч зогсох хэрэг байна уу даа.
Амьдрал сайхан байна аа. Солонгосын ерөнхий сайд манай ерөнхий сайдтай уулзаад ярьж л дээ. "Солонгос ерөнхий сайд: Манай иргэдийн дундаж орлого нь 2000 доллар. Сарын хэрэглээ нь 1000 доллар. Үлдсэнийг нь юунд зарцуулдаг болохыг нь бид мэдэхгүй... Монголын ерөнхий сайд: Манай иргэдийн дундаж орлого 200 доллар. Сарын хэрэглээ нь 400 доллар. Харин үлдсэн хэсгийг нь яаж олдогийг бид мэдэхгүй" гэж дээ. Энэ гэхдээ явган шог юм гэсэн. Гэсэн ч үнэний ор мөртэй л сонсогдоно. Үүнээс та нэг зүйлийг олж харахгүй байна гэж үү? Сайн бод... сайн унш... Битгий их омгорх... Яг зөв. Бид засаг төрдөө үнэн голоосоо талархаж амьдрах ёстой. Манай Засгийн бодлого биднийгээ хатуужуулж, бэлэнчлэх сэтгэлгээнээс гаргах гэсэндээ бага юмаар их зүйл бүтээж болдог болохыг харуулах гэж, тиймхэн цалин өгч байгаа юм шүү дээ. Бид өндөр хөгжилтэй, өөрөөсөө бусдыг боддоггүй Америк мэтийг бодвол хатуужилтай, тэвчээртэй байгаагаа харуулах боломж нь тэр юм. Бодоод үз... Цалин нэртэй гарын мөнгөөрөө идэж, ууж, хувцаслаж, хурааж чадаж байна. Бид агуу үндэстэн гэдгийг бидэнд мэдрүүлэх гэж цаг наргүй ажилладаг төр түшигчиддээ залбирч амьдрах байтал "Чичлэж" суух нь юутай уйтай.
Төрийн минь сүлд өршөөг, түмэн олны минь заяа өөдөө байг. Эрхэм түшээддээ насаараа талархаж, Намдаа магнайгаа цоортол мөргөмү. Иргэн Хаадагийн Болорбат. :)

4 comments: