Monday, January 2, 2012
Ордон Хотелд тавтай морил
Нээрээ та тавтай морилно уу. Манай улсын урдаа барьдаг "Ордон Хотелд" заавал зочлоорой. Би хэдхэн жилийн өмнө нэг ахтайгаа ярьж байлаа. Юу вэ гэвэл Төрийн ордны 4 давхарт буудал байгуулчихвал орлого нь алаад өгөх байх даа гэж. Энэ шоглоом өнөө цагт бодит болох магадтай болоодхов.
Монголчууд эртнээсээ л төрөө дээдлэж, төрийн үйл хэрэг явуулдаг өргөө, байр, ордонд ихэд хүндэтгэлтэй ханддаг байсан ард түмэн. Төрийн Сүлдэт танхимд орно гэдэг дээдийн заяа мэт санагддаг байсан үе саяхан мэт. Ордонд орохыг хүссэн энгийн иргэд УИХ, ЗГ-ын тамгын газрын харъяа албаар урьдчилан захиалга авч ихэд удсаны дараа нэвтрэх өдөр цагийг товлон арай хийж нэвтрүүлдэг байсансан. Ордны зүг уухайлан дайрсан шинэ цагийн хувьсгалч Баасан хатагтай, Эрүү нийгэм Эмгэнийн хөдөлгөөнийхний дайралтаас айж мэгдэхдээ гоёмсог хийцтэй, чанд хамгаалалт босгож аваад нэг хэсэгтээ хэнийг ч нэвтрүүлэхээ байсан Төрийн шаргал ордон одоо харин хэн бүхнийг нэвтрүүлдэг боллоо.
Энэ нь муу зүйл биш л дээ. Төрийн ордон нээлттэй хаалганы өдөр зарлаж иргэд түмэндээ найр тавих нь таатай. Хэдийгээр ингэж баярлах авч яг үнэн хэрэгтээ бол "Шинэ Монгол" баяны бах тавыг хангаж, нэрээ өргөх гэсэн эгэлгүй тансагийн нүүрээ таниулах өргөө болж хувирч байгаа бололтой. Хөдөлмөрч, шаргуу, өнөө цагийн өнгө төрх гэхчилэн залуусын дунд алдар нь түгсэн Болд дуучин жил гаруйн өмнөөс Монгол Поп "Урсгал"-ыг санаачлан нэгэн цомог гаргаадхав. Учир мэдэх нэгний хэлсэнээр БСШУЯ-наас ихээхэн мөнгөний дэмжлэгтэй бүтсэн гэх тэр цомгийнхоо нээлт, цагаан эсгийн ёслолыг Монгол Төрийнхөө ордонд, хуучин Ардын Их хурлын танхимд хийхээр эрхэм ерөнхийлөгчтэй найрсан тохирсон бололтой юм. Хэдийгээр үүнийг үгүйсгэх авч жилийн дотор болсон олон үйл явдлаас тэдний дотно харилцаа Төрийн Соёрхолтоор энгэрийг нь цоолсоноор нийтэл ил болчихлоо. Атаа жөтөөндөө ч биш. Төрийн соёрхолтыг юунд олгодогийг нь гадарлахын хувьд цаг хугацааг даваагүй бүтээл нэртэй хэсэг зохиолын дуунд шагнал нь эртэдсэн байх. Энэ нь ч дүүрч. Төрийн ордонд тоглолт хийсэн дуулиан намдаж амжаагүй байтал төгөлдөр хуурч Чинбаа тоглолтоо хийлээ. Гэхдээ энэ удаад хүмүүсийн дөжрөө нь гарсандаа юу эсвэл сонгодог урлагт найрсуу хандсандаа юу олны үг хэл намдуухан байлаа. Гэвч төрийн ордон бол концертын танхим биш шүү дээ гэх нь хаа сайгүй сонсогдсон.
Одоо харин танд барих цочир сонин нь манай ордон кино танхимтай боллоо. Тодруулбал энэ сарын 6 нд шинэ кино нээлтээ хийх гэнэ. Ордны түрээс нь ч гайгүй бололтой. Тиймээс л Ордон нэртэй зочид буудал, мөрийтэй тоглоомын газар, зоогийн газар байгуулчихаж болох нь. Тавтай морил Ордон Хотелд.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment