Saturday, February 11, 2012
Баярлалаа хоёр оо!
Баярлалаа гэдэг үгийг харамлах хэрэггүй гэж боддог юм. Гэхдээ үнэхээр л таныг баярлуулсан бол шүү дээ. Сэтгэл хөдлөлөө дэмий нууж, сэрэл мэдрэмжгүй мэт байх нь тийм ч таатай биш. Эрхгүй дагаад дуулчихмаар, заримдаа хэсэгхэн гуниглачихмаар санагдвал бүгдийг нь л хийх хэрэгтэй. "Kush'n Oyuka Jazz band"-д тийм л учраас баярлалаа гэж хэлмээр байна.
2012 оны 2-р сарын 11-ны баасан гарагийн үдэш ийм нэгэн тоглолт боллоо. Улсын Филармонийн цөөн хүний суудалтай танхимд үзэгчид бараг л цагтаа цуглаж тоглолт эхлэхийг хүлээн сууна. Баргийн тоглолтод цагаа барьдаггүй Монгол үзэгчийн зангаар хоцрох байх гэдэг сэрдлэг минь гүжирдлэг байсан гэж болно. Тоглолт эхлэх цагаас 20 минутын дараа танхимын гэрлийг авч, үзэгчдийн чимээ чагнах аниргүйн дунд тас хийтэл эхэллээ. Michael Buble, Jamie Cullum гэх шинэ цагийн, хөнгөн жазз хөгжмийн нэрт төлөөлөгчдийн сэргээн дуулсан шийлээврүүдийг Оюука, Куш нар сонгож тоглосон нь тэнд ирэгсэдийн сэтгэлд бүрнээ нийцэж байгаа нь илт. Ер нь л жазз хөгжмийн тэрхэн цаг хугацаанд аялгуулан гарч буй эгшиг, өнгө төрхийг мэдрэх нь чухал агаад уран бүтээлчээс мэдрэмж дээд хэмжээгээр шаарддаг нь тодорхой. Тоглолтын дунд хэсэгт хамтлагийн хоёр гишүүний дүү нар дуулж, бас хөгжимдсөн нь хэн хүнийг хөгжөөчихнө билээ.
Энэ үдэш "Kush and Oyuka" хамтлагтай морин хуурчид жазз аялгууг хамтран эгшиглүүлж, залуу халуухан бүсгүйн уран хоолойгоор чимэг нэмэн, олныг алмайруулам эрэгтэй уран нугараач сэтгэл догдлуулж, тачаангуй бүсгүйчүүд бүжгээрээ нүд баясгалаа.
Товчхондоо ирсэн нь азтай, ирээгүй нь сэтгэл гонсойм тийм нэг цоглог үдшийг бэлэглэсэн хоёртоо баярлалаа. Гэвч Үзмээр байгаа нэгэндээ дахин нэг боломж олгохыг бодоорой. Тасалбар асуусан хүн захаасаа аваад байсан шүү хө. Бодолцоно биз. :)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment