Thursday, June 23, 2011

Юунд баярлаж, юунд сэтгэл зовних вэ?

Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама

Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев

Монгол Улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао

Сүүлээ мушгиж байгаа энэ 6-р сар манай орны гадаад харилцааны хувьд тун чиг түүхэн үйл явдлуудаар дүүрэн байлаа. Өнгөрсөн сарын сүүлээр төрийн тэргүүний Оросын Холбооны улсад хийсэн төрийн дээд хэмжээний айчлалаас авхуулаад тэр чигтээ анхаарахгүй байхын аргагүй.Дизель түлшний хомсдолоос үүдэлтэй улс орны амин чухал асуудлууд урган гарахтай зэрэгцэн манай улсын төрийн тэргүүний ОХУ-д хийсэн төрийн албан ёсны айлчлалыг элдэв өнгөөр будсан. Хамгийн гол нь түлш гуйхаар явлаа гэлцсэн. Ор мөргүй зүйл биш ч байж болох. Хуучны "Орос ах" нар өнөөдөр мэдээж өөрчлөгдсөн. Тэд алхам тутамдаа мөнгө, ашиг харж суугаа нь хийх үйлдэл бүрт нь ажиллагддаг. Тэгээд ч зүгээр л сууж байгаад хамаг байдагаа тавиад өгчихдөг бидэн шиг байтлаа, өнөөдөр дэлхийн тэргүүлэх улсуудын нэг байх уу даа... 
Ерөнхийлөгч нь ОХУ-д айлчлал хийсэн болохоор урд хөршийгөө бас орхиж болошгүй нь. Ер нь бол эхийг нь эцээж, тугалыг нь турааж болохгүйн адил ерөнхий сайд урд хөршид анхаарал хандууллаа. Дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа Хятад "Их" гүрэн энэ удаад мөнгөнд учиргүй их дуртай манайханд тусламжийн гараа сунгах нь тэр. Шинэ цагийн "Ах"-ын үүргийг гүйцэтгэх сонирхол өндөртэй нанхиад иргэдийн холч ухаан, дотор газрын санаа бидний боддогоос ч илүү, гэрлийн хурдтай юм хойно бид зүгээр л алгаа тослоо. Монгол үндэстний нэг хэсэг Өвөр Монголд үүссэн үймээн самууныг мартагнуулж ам барих, уул уурхайн ашгаа хуваалцаж байхыг сануулах гэж өгсөн буцалтгүй тусламж түүхэндээ хамгийн өндөр байсныг амаа олохгүй ярьцгааж сууна. 60 сая Юань бол их мөнгө. Дээрээс нь 500 сая Юанийн хөнгөлөлттэй зээл. Зээл бол зээл. Манайхан зээлийг ашиглахдаа "Гаргуун"-ыг хэлэх үү, үр дүн нь Сонгуулийн үеэр сайтар харагдана. Одоо яая гэхэв хүлээж л суухаас. 
Айчлал дууссангүй ээ. Ерөнхийлөгч дахин мордлоо. Энэ удаад ерөнхийлөгч хэсэгтээ "Амьдарч" идээшсэн Америк гүрнийг зорьлоо... Америкжсан үзэлтэйгээрээ Оросуудад "хальт" адлагддаг манай "муу" ерөнхийлөгч Америкт харин ч нэг торгонд хөлбөрч, тосонд умбасан юм байх. Би хараагүй юм болохоор олж үзсэн мэдээллүүдээсээ л үүнийг уншлаа. Чухамдаа жаргажээ. Өөрийгөө яая гэж байгаа Барак Обама манай ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ, уулзалтын цагаа хүртэл сунгаж уулзсан гэнэ. Сураг дуулах нь ээ амин чухал асуудлуудаа нууцлаж ярьсан бололтой. Хэрвээ би л буруу сонсож, цахим хуудсуудад худал мэдээллээгүйсэн бол өнөө цөмийн хог хаягдалаа манай улс хавиар авчирч асгах гээд байгаа юм биш үү? Бүү үзэгд... Тэр чинь одоо булчихсан хэрнээ хортой хэвээрээ гэж дуулдана шүү дээ. Бид нар хэнд гэм хийчихсэндээ дэлхий нийтийн хог шаарыг нутагтаа цуглуулж, тэр болгондоо цэцэг барьж гүйх ёстой юм бэ? www.news.mn цахим хуудсанд нийтэлсэнээр бол манай Ц.Элбэгдорж "дарга" Азийн шинэ лидер гэнэ. Болжээ болж... Их баяртай... Бид нийт олноороо Нобелийн шагнал хүртэснээс ялгаа алга. Обама чинь өөрөө Нобельтон юм болохоор хэлсэн үг нь тэр шагналаас ялгаа нь юу байхав. 
Бид зүгээр л баясаж, зүгээр л харж суух ёстой юм уу? Сонгосон, сонгуулсан хоёр аль аль нь л үүрэг хүлээсэн. Чухам юуны төлөө? Юуны төлөө вэ гэвэл Монгол нэрийг авч үлдэх, үлдэх байтугай энэ газар шороон дээрээ оршин тогтнох шиг тогтнохын төлөө юм... Би ингэж л бодож сууна. Тэгсэн атлаа мөнхийн хөршүүдийнхээ санааг ойлгоогүй хэвтэж, тив дамнаж гуйрамчлаад байгааг ойлгохгүй байна. Америк өнөө дэлхий даяар өөрийнхөө хорыг тарьсаар явааг анзаарахгүй байна уу? 

2 comments:

  1. Ard tumnii bish uls toriin huviin toglolt hiigeed yavaad bga shde.

    ReplyDelete
  2. Харин тэрэнд нь үнэхээр дургүй хүрч байна аа... Энэ улс төрд ер нь Монголоо гэсэн хүн цөөн бололтой. Эсвэл жижиг гүрэн гээд юм бүхэнд аялдан дагалдаад яваад байна уу?

    ReplyDelete