Monday, December 31, 2012

ШИНЭ ЖИЛДЭЭ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ

Он солигдох мөч ойрхон иржээ. Он солигдохын өмнө өнгөрч байгаа жилээ дүгнэж бичдэг уламжлалаараа товчхон зүйл бичиж орхино оо. 2012 он гармагц л сайхан үйл явдлаар дүүрэн байлаа. Mongolian Airlines агаарын тээврийн шинэ компанийн орон нутаг дахь анхны цагийн хуваарьт нислэг эхлэж Баяхонгор аймаг руу хамтдаа ниссэн юм. Үүнээс хойш Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Дорнод зэрэг аймаг руу агаарын хөлгийн багийн гишүүн мэт хамтдаа аялаж, тэнгэрт дүүлэн нисэхийн жаргалыг мэдэрлээ. Хэзээ нэгэн цагт аялах юмсан гэж хүсч байсан Хөвсгөл нутгийг бүтэн тойрч, Хөвсгөл далайн өмнөд эргээс хойд эргийг хүртэл усан завиар хөндлөн гулд давхиж хүрсэн нь бүр ч их сэтгэлийг минь хөдөлгөв. Зуны дэлгэр цагт ээжийнхээ хамт Германд зочилж, эгчийгээ үрийн зулай үнэрлэхийг харах сайхан байлаа. Манай удам нэг хүнээр бүл нэмлээ. Өмнө нь очиж байсан ч дахин очихыг хүссэн Парисаар аялах таатай байсан нь тодорхой. Дахин сурах хүсэл минь биелэж Хүмүүнлэгийн ухааны их сургуульд оюутан боллоо. Харин оны сүүлээр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг энгэртээ зүүлээ.
Ирэх онд харин урамтай нь аргагүй шинэ уран бүтээл хийх болно. Шинэ оны мэнд хүргэе.

Monday, December 17, 2012

ЭМГЭНЭЛ



Довуучийн Энхтайван (1976 – 2012)
Монголын Рэпийн эхэн үеийнхний, Гэрэл зургийн шинэ үеийнхний хүндэт багш, бидний хайрт хүү, дүү, ах, дотны анд, Авга-Омбо Довуучийн Энхтайван нь 2012 оны 12-р сарын 14-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Энхтайван нь 1976 оны 11 сарын 21-нд Улаанбаатар хотод төрж, 86-р дунд сургуулийг дүүргэн, 2006 он хүртэл Мобиком корпорацид дууны инженерээр ажиллаж байлаа. 2006 оноос анд нөхдийн хамт “ХэрээЖи ХХК-ийг үүсгэн байгуулж ажиллаж байв.
1997 онд “Дайн ба Энх” хамтлагийг санаачлан үүсгэн байгуулж, Монголын хөгжмийн ертөнцөд Рэп, Хип-Хоп урлагийг хөгжүүлэхэд Д.Энхтайван өөрийн хувиас үнэтэй хувь нэмэр оруулсан юм. “Дайн ба Энх” хамтлаг нь бүрэн хэмжээний 2 цомог туурвин, 5 тоглолтыг зохион байгуулжээ. MCIT нэрээр тухайн үеийн хүүхэд залуучуудад танигдаж Монголын Рэп, Хип Хоп урлагийн хөгжлийн замыг чиглүүлэн, шинэ залуу уран бүтээлчдийг гарч ирэхэд тусалж дэмжин багш, продюссерээр нь өнөөг хүртэл ажиллаж байлаа.
Д.Энхтайван нь өөрийн аавыг даган гэрэл зурагт дурлан, 10 жилийн хүүхэд байхдаа алдартай кино одод, дуучдын зургийг гэрийн нөхцөлд угааж үеийнхэндээ түгээдэг байсан. 2000 оны эхэн үеэс гэрэл зургаар тууштай дагнаж Seriyoz гэдэг нэрээр Монголын Гэрэл зураг, блогчдын орчинд танигдсан юм. 2006 онд Монголын гэрэл зургийн “Шинэ Агшин Нийгэмлэг” ТББ, салбартаа анхдагч Агшин.мн вэб сайт, Монголын Фликрчидийн Групп зэргийг үүсгэн байгуулж, удирдаж байв.
Тэрээр 2007 онд Ц.Батзориг агсны нэрэмжит “Оны шилдэг гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн ба 2010 онд өөрийн “Ертөнцийг Дүрслэх Урлаг дижитал гэрэл зургийн сурах бичиг, тайлбар номыг бичиж хэвлүүлсэн нь Монголын гэрэл зургийн түүхэнд томоохон хэмжээний оюуны хөрөнгө оруулалт болж Монголын орчин үеийн гэрэл зургийн хөгжлийг нэг алхмаар урагшлуулсан юм. Гэрэл зураг, дуу хөгжмийн урлагт туурвиж бүтээсэн эдгээр бүтээлүүд нь түүний нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.
Түүний гэрэл зургаар бэлтгэсэн шавь нар нь өнөөгийн гэрэл зургийн өнгийг тодорхойлогчид болсон нь түүнийг ямар багш, сурган хүмүүжүүлэгч байсныг илтгэнэ. Д.Энхтайван нь шавь нартаа хүндлэгдсэн, мэдлэгээ бусадтай харамгүй хуваалцдаг, хүн бүрийн хайр талархлыг хүлээсэн, мэргэжил нэгтэй анд нөхөд дундаа нэр хүндтэй, эгэл жирийн амьдралтай хэрнээ эгэлгүй билэг оюунтай нэгэн байлаа.
Гэгээн дүр, алдар гавъяа, ажилч хичээнгүй, нягт нямбай, шогч наргианч зан чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл, ач тустай үг сургааль тань бидний зүрх сэтгэлд үүрд мөнх хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Талийгаачийн аав, ээж, төрөл төрөгсөд, журмын нөхөд
Монголын Гэрэл зургийн Шинэ Агшин нийгэмлэг ТББ
Монголын Фликрчид гэрэл зургийн ТББ
Асуулт Самбарын анд нөхөд
ХэрээЖи хамт олон

Friday, December 14, 2012

Монголын шинэ цагийн гэрэл зургийн Од харвалаа...



Тэнгэрт нэгэн од харвалаа. Их баяр хөөр болсон цэнгэлийн дараахан тэр биднийг орхиж, мөнх зүйл үгүйг бидэнд ойлгууллаа. Монголын шинэ цагийн гэрэл зургийн бүр тодруулбал дижитал гэрэл зургийн түүхийг түүчээлсэн эрхэм ах, найз маань хэнд ч хэлэлгүйгээр, ирсэн шигээ буцлаа. Монголын хип хопын загалмайлсан эцэг гэж түүнийг авгайлах нэгэн байхад, гэрэл зурагчдын шинэ түүхийг эхлүүлсэн гавъяатан гэж хүндлэх мянга мянган гэрэл зурагчид, сонирхогчид бий юм. Нэг үгээр тэрээр "Од" байсан юм. Одод зөвхөн тэнгэрт гялалзаж, тэндээс биднийг гэрэлтүүлж байхын учир тэрээр байрандаа очжээ. Тайванаа маань уулзсан бүртээ нэгийг бодуулах зүйлсийг ярьж, нөхөрсөг зөвлөдөг хүндтэй нэгэн байснаас гадна өөрийнхөө бүтээлээр олныг сургасан багш минь байлаа. Гэрэл зурагчдад зориулсан гарын авлага нь анхдагч байж, эхлэлийг утгаар нь тавьсан манлайлагч болсон юм.
Тайванаа маань унтаад л сэрсэнгүй дээ. Хэний ч төсөөлөхгүй амар тайвнаар амьдарч асан газраасаа дараагийн амьдралдаа оджээ. Газар мөртэй, олонд нэртэй, нөхөддөө хүндтэй, үзүүлэх бүтээлтэй хэдий ч нэг л зүйлд нь харамсангуй байна. Тайванаа маань эхлүүлсэн бүхнийхээ үргэлжлэлийг өөрөө гүйцэлдүүлсэнгүй. Хэдий тийм ч бид түүний зам мөрийг үргэлжлүүлж, тэнгэрээс биднийг ивээх болтугай. Эх дэлхийнхээ алтан хөрсөндөө амгалан нойрсож, тэнгэрийн орондоо хүндлэлтэй залраг. Бид үргэлж дурсан санах болно.