Довуучийн
Энхтайван (1976 – 2012)
Монголын Рэпийн эхэн үеийнхний,
Гэрэл зургийн шинэ үеийнхний хүндэт багш, бидний хайрт хүү, дүү, ах, дотны анд, Авга-Омбо Довуучийн
Энхтайван нь 2012 оны 12-р сарын 14-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд
нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Энхтайван
нь 1976 оны 11 сарын 21-нд
Улаанбаатар хотод төрж, 86-р дунд
сургуулийг дүүргэн,
2006
он хүртэл Мобиком корпорацид дууны инженерээр
ажиллаж байлаа.
2006 оноос анд нөхдийн хамт “ХэрээЖи” ХХК-ийг үүсгэн байгуулж ажиллаж байв.
1997 онд “Дайн
ба Энх” хамтлагийг санаачлан үүсгэн байгуулж, Монголын хөгжмийн ертөнцөд Рэп,
Хип-Хоп урлагийг хөгжүүлэхэд Д.Энхтайван өөрийн хувиас үнэтэй хувь нэмэр
оруулсан юм. “Дайн ба Энх” хамтлаг нь бүрэн хэмжээний 2 цомог туурвин, 5 тоглолтыг
зохион байгуулжээ. MCIT
нэрээр тухайн
үеийн хүүхэд залуучуудад танигдаж Монголын Рэп, Хип Хоп урлагийн хөгжлийн замыг
чиглүүлэн, шинэ залуу уран бүтээлчдийг гарч ирэхэд тусалж дэмжин багш, продюссерээр
нь өнөөг хүртэл ажиллаж байлаа.
Д.Энхтайван нь өөрийн
аавыг даган гэрэл зурагт дурлан, 10 жилийн хүүхэд байхдаа алдартай кино одод,
дуучдын зургийг гэрийн нөхцөлд угааж үеийнхэндээ түгээдэг байсан. 2000 оны эхэн
үеэс гэрэл зургаар тууштай дагнаж Seriyoz гэдэг нэрээр Монголын Гэрэл зураг,
блогчдын орчинд танигдсан юм. 2006 онд Монголын гэрэл зургийн “Шинэ Агшин Нийгэмлэг”
ТББ, салбартаа анхдагч Агшин.мн вэб сайт, Монголын Фликрчидийн Групп зэргийг
үүсгэн байгуулж, удирдаж байв.
Тэрээр 2007 онд
Ц.Батзориг агсны нэрэмжит “Оны
шилдэг” гэрэл зургийн
уралдаанд тэргүүн байр эзэлсэн ба 2010 онд өөрийн “Ертөнцийг Дүрслэх Урлаг” дижитал гэрэл зургийн сурах бичиг,
тайлбар номыг бичиж хэвлүүлсэн нь Монголын гэрэл зургийн түүхэнд томоохон хэмжээний оюуны хөрөнгө оруулалт болж Монголын орчин
үеийн гэрэл зургийн хөгжлийг нэг алхмаар урагшлуулсан юм. Гэрэл зураг, дуу хөгжмийн урлагт туурвиж бүтээсэн
эдгээр бүтээлүүд нь түүний нөр их
хөдөлмөрийн үр дүн билээ.
Түүний гэрэл
зургаар бэлтгэсэн шавь нар нь өнөөгийн гэрэл зургийн өнгийг тодорхойлогчид
болсон нь түүнийг ямар багш, сурган хүмүүжүүлэгч байсныг илтгэнэ. Д.Энхтайван
нь шавь нартаа хүндлэгдсэн, мэдлэгээ бусадтай харамгүй хуваалцдаг, хүн бүрийн
хайр талархлыг хүлээсэн, мэргэжил нэгтэй анд нөхөд дундаа нэр хүндтэй, эгэл жирийн амьдралтай хэрнээ эгэлгүй билэг оюунтай
нэгэн байлаа.
Гэгээн дүр, алдар гавъяа, ажилч
хичээнгүй, нягт нямбай, шогч
наргианч
зан чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл, ач тустай үг сургааль тань бидний зүрх
сэтгэлд үүрд мөнх хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Талийгаачийн аав, ээж, төрөл төрөгсөд, журмын нөхөд
Монголын
Гэрэл зургийн Шинэ Агшин нийгэмлэг ТББ
Монголын
Фликрчид гэрэл зургийн ТББ
Асуулт Самбарын анд нөхөд
ХэрээЖи хамт олон
No comments:
Post a Comment