Sunday, May 13, 2012

Сонгодог концерт гэж үүнийг л хэлэх байх

Миний блогоор зочилдог хүндэт таны амрыг айлтгая. Ойрд блогтоо ямар нэг бичлэг оруулсангүй удсан байна. Завгүйдээ ч биш зүгээр л бичих гэхээр юу бичихээ мэдэхгүй ч байх шиг... Дулаарч гадаа алхах нь сэтгэлд таатай. Энэ удаад маргааш /2012.05.14-ийн Даваа гараг/ болох нэгэн концертын талаар товч дуулгах хэрэгтэй боллоо.
Энэ концертыг хөгжим сонирхогч нэгний хувиар онцлон танилцуулж, төгөлдөр хуурч Ц.Энхтөрийн талаар хэдхэн үг тэрлэхийг хүслээ.
Монголд мэргэжлийн урлагийн бүхий л төрөл зүйл өөрийн гэсэн өнгө төрхөө олж, хичээж хөдөлмөрлөж байгаа нэгэн нь өөрийгөө хангалттай сурталчилах, түүгээрээ дамжуулан өөрийнхөө уран бүтээлийг олонд хүргэж чаддаг болсон. Миний танилцуулах төгөлдөр хуурчийг мэргэжлийнхэн нь бол мэддэг авч тэрээр төдийлөн олны өмнө гараад байдаггүй нь түүний ажлын ачаалал, даруу зантай нь холбоотой ч биз. 
Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Цэндоржийн гэр бүлд төрсөн төгөлдөр хуурч Энхтөр нь Хөгжим бүжгийг дунд сургууль, Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит консерваторын нэрэмжит сургуулийн дэргэдэх тусгай мэргэжлийн хөгжмийн академик сургуульд Т.В.Галицкая /ОХУ-ын гавьяат жүжигчин/, СУИС-д Т.Цолмон /МУАЖ/ нарын удирдлаганд суралцсан хөгжмийн өндөр боловсролтой нэгэн юм. Төгөлдөр хуурч Ц.Энхтөр 1992 оноос бие даасан уран бүтээлийн тоглолтуудыг тогтмол тоглолж ирсэн ба ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн Хөгжмийн Дээд Сургуулийн их, бага танхим, Одессын Филармони, Украйн, АНУ-ын Чикаго хотын хөгжмийн их танхим, Япон улсын Токио хотын "Сантори" концертын танхим, Ёкохама хотын төв концертын танхим, Хамамацу хотын "Шопен" концертын их танхимд, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжмийн дээд сургуулийн концертын их танхим, ӨМӨЗО-ын Хөх хотын Урлагийн Их сургуулийн концертын танхим зэрэг дэлхийн томоохон концертын танхимуудад тоглолсон тоглолтуудыг дурдаж болох юм. 
Төгөлдөр хуурч Ц.Энхтөр дэлхийн сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгчдийн төгөлдөр хуурт зориулсан концертуудаас гадна Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Г.Цэндорж, Х.Билэгжаргал, З.Хангал нарын төгөлдөр хуурт зориулсан концерт болон цөөхүүл хөгжмийн бүтээлүүдийг эх орондоо төдийгүй гадаадын улс орнуудад  сурталчилах зорилгоор ДБЭТ-т тоглож, CD болон DVD болгон гаргаж байсан юм. 
Мөн нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын Монгол ардын дуунуудын найруулга болох "Түмний эх", "16 цуврал бүтээл"-ээр өөрийн бие даасан 2 дахь цомгийг гаргаж олны хүртээл болгосон юм. 
Харин танд маргааш толилуулах концерт нь Фредерик Шопен, Петр Ильич Чайковскийн төгөлдөр хуурт зориулсан бүтээл байх юм. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

No comments:

Post a Comment