Tuesday, May 31, 2011

Хан үндэстний энэ цагийн одод...


Сайн байна уу? Блог хуудсаар минь үе үехэн зочилж, бичигч миний үйл хэрэг, үзэл бодолтой танилцаж байдаг цахим ертөнцийн анд нөхөр минь ээ. Таны ажил, сурлага хөдөлмөр өндөр гэдэгт итгэлтэй байна. Ойрмогхон болж өнгөрсөн үйл явдлын тайлан болгож Хан үндэстний шинэ цагийн хөгжмийн ертөнц дэх залуу оддыг харсан тухайгаа энд өгүүлсүү.
Би бээр Сөүлд ирсэнээс хойш яг 2 сарыг ардаа орхичихож. Энэ богинохон мэт ч дасан зохицох үйл явц асар хурдацтай болж байгаа хугацаанд "Тэнэмэл" нэрийг зүүгээд амжив. :P Ямартаа л хэд хэдэн их сургуулийн 족제 нэртэй хаврын баярт нь очиж үзлээ. Манайхнаар бол сургуулийн нээлттэй хаалганы өдөр бололтой. Их сургуулийн нэгдүгээр курс болон ахлах сургуулийн хүүхдүүд хэт олноороо цуглах энэ баярын үеэр бэсрэг "Наадам" болно. Сонирхолтой ч юм. Хэдэн өдөр дарааллан сургуулийнхаа цогцолборт зах мэт чуулж, уулга идлэгийг харин ч нэг зохион байгуулж байна. Гэхдээ энд хөл толгойгоо алдахгүй, хөөр баяр болцгооно...
Энэ бол эхлэл төдий юм уу даа... Энэ баярын үеэр томоохон их сургуулиуд дээр эндхийн алдартнууд нь өнгө "Алаглуулан" ирцгээх нь эхэндээ сонирхолтой санагдсангүй. Арга ч үгүй биз... Би тэдний дууг мэдэхгүйн дээр танихгүй харь иргэн юм чинь. Харин өнгөрсөн 7 хоногийн эхээр энд сурдаг нэг дүү охинтойгоо Тангүг их сургуулийн баярт Big Bang гээч өнөөх мундаг хамтлаг нь ирэх сургаар очлоо. Хавь ойрын нас насны төлөөлөл хөөр хөөрцөг болон хүлээж сууна. Үнэхээр гайхалтай нэг зүйл бол эндхийн үзэгчид хэнийг ч "Алагчилж" үзэлгүй дэмжих юм. Өөрт нь зориулж үзүүлж байгаа учраас тайзан дээр болох үйл явдал бүрийг анхааралтай ажиж, бас өөрөө оролцогч нь болно. Уулга алдаж, алга ташиж, зарим үед нь сэтгэл хөдлөлөө барьж ядахдаа суудлаасаа суга харайн босох нь хэл мэдэхгүй миний хувьд даган дуурайх үйлдэл болно. :P Хэсэгтээ л хүмүүсийг уяж, өдөржин суух шалтгаан нь болсон Big Bang ирж байгаа сураг дуулдлаа... Хүмүүсийн дуу намуухан үдшийн тэнгэрт өнгө өнгийн гэрэлтэй хамт цуурайлахуйд чих дүжрэм уухайн дунд хамтлаг тайзнаа гарч ирлээ... Тэдний хэлэх үг бүр хууль мэт хуйлруулж, гар хуруугаараа олныг чиглэн заах нь сууж босох уриалга нь болох юм. Ердөө л хэдхэн хормын дотор хэдэн мянган хүний сэтгэлийн их дэмжлэгэн дор өөрсдөө ч бараг дуулах шаардлагагүй сүртэй их дуу хадлаа... Тэдний дууг өөрсдөөс нь илүүтэй мэдэх хөгжөөн дэмжигчдийнх нь зүрхний лугшилт нь тэр болой. Энэ их чимээ ердөө л 20 минут үргэлжилсэн ч, бүхий л шөнийн турш хадаасан мэт... Тас хар, дунд зэргийн тансаг Chevrolet-доо суугаад тэд салхи татуулан явцгаана. Энэ бол Хан үндэстний шинэ цагийн хөгжмийн нэрт төлөөлөгчид юм. 
Манай Халх Монголд энэ мэтийг хааяахан л харах биз. Харин энд бол тэдний байгаа газар бүрт харах бололтой. Азийн бар Улсын залуу оддыг ахмад үе нь үгүйсгэхгүйн дээр, үзэгч олон нь хэзээ ч хир халдаахгүй нь тодорхой байсан юм. Манайхан байсан бол сэм атаархаж, нам ярих ярих байсан байлгүй дээ... Өшөө ихийг үзэх болно... 

1 comment:

  1. BIGBANG <3<3<3 helee bizdee goyo hamtlag bgaazdee, nz n solongosoor duunuudiig n ehleed sonsood l duraldag, tgd daraa n angli orchuulgiig n olj unshaad byyr duraldag duunuudad n :))

    ReplyDelete