Friday, December 20, 2013

ХЭЛБЭРЭЭ ОЛООГҮЙ "АЛТАН ШОНХОР"...

Бид Алтан нэртэй шагналд ихээхэн дуртай хүмүүс шиг байгаа юм. Байгаа юм нь ч юу юм... Зохион байгуулагчид нь тэгж боддог шиг шуу юм болов уу... Монголд барагтаа л анхдагч болсон наадам "Гоо Марал"-аас хойш төрөн гарсан дүү наадмууд Алтан нэрийг зүүж, "Эд"-ийн шуналтай зарим нэгний арааны шүлсийг гоожуулах нь тэр... Алтан микрафон, Алтан Сарнай, Алтан Өд, Алтан Шонхор... бас болоогүй аймаг бүр өөрийн нэрэмжит шагналаа Алтан нэрээр гоодож эхэлсэн.
Сүүлийн хэдэн жил Монголын телевизүүдийн холбооныхон гишүүн ТВ-үүдийнхээ эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр тарааж хэвшсэн "Алтан Шонхор" гэх хэлбэрээ ч олж амжаагүй наадам амь бөхтэйгээр оршин тогтносоор. Америкийн ТВ-үүдийн шилдгийг тодруулдаг наадмын /Эммигийн шагнал/ цомны загварыг хуулбарлаж, удалгүй дэвсэн шонхор болгоод, эцэст нь цуцсан дүрээр эзэндээ хүрч буй шагналаас нь ажвал өөдлөх биш уруудаж байгаагийн дохио ч болох шиг. Хямд цомных нь цагирган бөмбөрцөг салж унаад байхаар нь дэвүүлж үзсэн ч байж болох. Дэвсэн Шонхорын далавч хэтэрхий үрэлгэн санагдахаар нь суулгаад авсан  ч байж мэднэ.
Цомноосоо л хэлбэрээ олоогүй энэ наадмын ганц нэг шагналын эзнийг эс тооцвол бүхэлдээ хэлбэрийн гажуудалд орчихсон бололтой...

Tuesday, November 5, 2013

ШИНЭ ЖИЛ ЗОРИУЛСАН БУДАА /Сонгодог үдэшлэгийн загвар/


Сар хүрэхгүй хугацаа үлдлээ дээ. Юунд вэ гэвэл... мэдээж шинэ жилийн баяр. Танай байгууллага шинэ жилийнхээ комиссийг байгуулаад жигтэйхэн ажилтай байгаа бол дараах санааг та нарт зориулж ээлжит "Шинэ жилийн будаа" өгч байна... Хэрэгцээтэй байж болох зарим нэг мэдээллийг өгч байгааг уншаарай. 

Wednesday, October 2, 2013

Зөв залуус зүглэдэг боллоо

Зөв залуус гэж тодотгосон нь учиртай юм. Кофе уух гэж л кофений газрыг зорьж, тэндээ хэсэгхэн жиг жуг хийгээд л харьцгаадаг байсан цаг өнгөрч дээ. Хотын төвийн өндөр үнэтэй албан тасалгаа түрээслэх гэж зүдрэхээр кофе, цайгаа уунгаа "зөв" залуустай зэрэгцэж суугаад албаа залгуулдаг шинэхэн хэв маяг бий болоод нэг их удаагүй ч, эрэлт ихтэй байна. Ямбалах, аяглах ч шаардлагагүй... албан тасалгаанд л авч болдог үйлчилгээг авчихаж бас болно. Ер нь л сайхан даа. Өглөө эртлэн босч өглөөний цайгаа тухтай орчинд уучихаад явдаг залууст "Coffice" бүр ч тохиромжтой... Юутай ч нэг зүглээд л үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Эдгээр зургаас хаягийг мэдэж аваарай.

Monday, December 31, 2012

ШИНЭ ЖИЛДЭЭ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ

Он солигдох мөч ойрхон иржээ. Он солигдохын өмнө өнгөрч байгаа жилээ дүгнэж бичдэг уламжлалаараа товчхон зүйл бичиж орхино оо. 2012 он гармагц л сайхан үйл явдлаар дүүрэн байлаа. Mongolian Airlines агаарын тээврийн шинэ компанийн орон нутаг дахь анхны цагийн хуваарьт нислэг эхлэж Баяхонгор аймаг руу хамтдаа ниссэн юм. Үүнээс хойш Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Дорнод зэрэг аймаг руу агаарын хөлгийн багийн гишүүн мэт хамтдаа аялаж, тэнгэрт дүүлэн нисэхийн жаргалыг мэдэрлээ. Хэзээ нэгэн цагт аялах юмсан гэж хүсч байсан Хөвсгөл нутгийг бүтэн тойрч, Хөвсгөл далайн өмнөд эргээс хойд эргийг хүртэл усан завиар хөндлөн гулд давхиж хүрсэн нь бүр ч их сэтгэлийг минь хөдөлгөв. Зуны дэлгэр цагт ээжийнхээ хамт Германд зочилж, эгчийгээ үрийн зулай үнэрлэхийг харах сайхан байлаа. Манай удам нэг хүнээр бүл нэмлээ. Өмнө нь очиж байсан ч дахин очихыг хүссэн Парисаар аялах таатай байсан нь тодорхой. Дахин сурах хүсэл минь биелэж Хүмүүнлэгийн ухааны их сургуульд оюутан боллоо. Харин оны сүүлээр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг энгэртээ зүүлээ.
Ирэх онд харин урамтай нь аргагүй шинэ уран бүтээл хийх болно. Шинэ оны мэнд хүргэе.

Monday, December 17, 2012

ЭМГЭНЭЛ



Довуучийн Энхтайван (1976 – 2012)
Монголын Рэпийн эхэн үеийнхний, Гэрэл зургийн шинэ үеийнхний хүндэт багш, бидний хайрт хүү, дүү, ах, дотны анд, Авга-Омбо Довуучийн Энхтайван нь 2012 оны 12-р сарын 14-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Энхтайван нь 1976 оны 11 сарын 21-нд Улаанбаатар хотод төрж, 86-р дунд сургуулийг дүүргэн, 2006 он хүртэл Мобиком корпорацид дууны инженерээр ажиллаж байлаа. 2006 оноос анд нөхдийн хамт “ХэрээЖи ХХК-ийг үүсгэн байгуулж ажиллаж байв.
1997 онд “Дайн ба Энх” хамтлагийг санаачлан үүсгэн байгуулж, Монголын хөгжмийн ертөнцөд Рэп, Хип-Хоп урлагийг хөгжүүлэхэд Д.Энхтайван өөрийн хувиас үнэтэй хувь нэмэр оруулсан юм. “Дайн ба Энх” хамтлаг нь бүрэн хэмжээний 2 цомог туурвин, 5 тоглолтыг зохион байгуулжээ. MCIT нэрээр тухайн үеийн хүүхэд залуучуудад танигдаж Монголын Рэп, Хип Хоп урлагийн хөгжлийн замыг чиглүүлэн, шинэ залуу уран бүтээлчдийг гарч ирэхэд тусалж дэмжин багш, продюссерээр нь өнөөг хүртэл ажиллаж байлаа.
Д.Энхтайван нь өөрийн аавыг даган гэрэл зурагт дурлан, 10 жилийн хүүхэд байхдаа алдартай кино одод, дуучдын зургийг гэрийн нөхцөлд угааж үеийнхэндээ түгээдэг байсан. 2000 оны эхэн үеэс гэрэл зургаар тууштай дагнаж Seriyoz гэдэг нэрээр Монголын Гэрэл зураг, блогчдын орчинд танигдсан юм. 2006 онд Монголын гэрэл зургийн “Шинэ Агшин Нийгэмлэг” ТББ, салбартаа анхдагч Агшин.мн вэб сайт, Монголын Фликрчидийн Групп зэргийг үүсгэн байгуулж, удирдаж байв.
Тэрээр 2007 онд Ц.Батзориг агсны нэрэмжит “Оны шилдэг гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн ба 2010 онд өөрийн “Ертөнцийг Дүрслэх Урлаг дижитал гэрэл зургийн сурах бичиг, тайлбар номыг бичиж хэвлүүлсэн нь Монголын гэрэл зургийн түүхэнд томоохон хэмжээний оюуны хөрөнгө оруулалт болж Монголын орчин үеийн гэрэл зургийн хөгжлийг нэг алхмаар урагшлуулсан юм. Гэрэл зураг, дуу хөгжмийн урлагт туурвиж бүтээсэн эдгээр бүтээлүүд нь түүний нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.
Түүний гэрэл зургаар бэлтгэсэн шавь нар нь өнөөгийн гэрэл зургийн өнгийг тодорхойлогчид болсон нь түүнийг ямар багш, сурган хүмүүжүүлэгч байсныг илтгэнэ. Д.Энхтайван нь шавь нартаа хүндлэгдсэн, мэдлэгээ бусадтай харамгүй хуваалцдаг, хүн бүрийн хайр талархлыг хүлээсэн, мэргэжил нэгтэй анд нөхөд дундаа нэр хүндтэй, эгэл жирийн амьдралтай хэрнээ эгэлгүй билэг оюунтай нэгэн байлаа.
Гэгээн дүр, алдар гавъяа, ажилч хичээнгүй, нягт нямбай, шогч наргианч зан чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл, ач тустай үг сургааль тань бидний зүрх сэтгэлд үүрд мөнх хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Талийгаачийн аав, ээж, төрөл төрөгсөд, журмын нөхөд
Монголын Гэрэл зургийн Шинэ Агшин нийгэмлэг ТББ
Монголын Фликрчид гэрэл зургийн ТББ
Асуулт Самбарын анд нөхөд
ХэрээЖи хамт олон