Friday, December 20, 2013

ХЭЛБЭРЭЭ ОЛООГҮЙ "АЛТАН ШОНХОР"...

Бид Алтан нэртэй шагналд ихээхэн дуртай хүмүүс шиг байгаа юм. Байгаа юм нь ч юу юм... Зохион байгуулагчид нь тэгж боддог шиг шуу юм болов уу... Монголд барагтаа л анхдагч болсон наадам "Гоо Марал"-аас хойш төрөн гарсан дүү наадмууд Алтан нэрийг зүүж, "Эд"-ийн шуналтай зарим нэгний арааны шүлсийг гоожуулах нь тэр... Алтан микрафон, Алтан Сарнай, Алтан Өд, Алтан Шонхор... бас болоогүй аймаг бүр өөрийн нэрэмжит шагналаа Алтан нэрээр гоодож эхэлсэн.
Сүүлийн хэдэн жил Монголын телевизүүдийн холбооныхон гишүүн ТВ-үүдийнхээ эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр тарааж хэвшсэн "Алтан Шонхор" гэх хэлбэрээ ч олж амжаагүй наадам амь бөхтэйгээр оршин тогтносоор. Америкийн ТВ-үүдийн шилдгийг тодруулдаг наадмын /Эммигийн шагнал/ цомны загварыг хуулбарлаж, удалгүй дэвсэн шонхор болгоод, эцэст нь цуцсан дүрээр эзэндээ хүрч буй шагналаас нь ажвал өөдлөх биш уруудаж байгаагийн дохио ч болох шиг. Хямд цомных нь цагирган бөмбөрцөг салж унаад байхаар нь дэвүүлж үзсэн ч байж болох. Дэвсэн Шонхорын далавч хэтэрхий үрэлгэн санагдахаар нь суулгаад авсан  ч байж мэднэ.
Цомноосоо л хэлбэрээ олоогүй энэ наадмын ганц нэг шагналын эзнийг эс тооцвол бүхэлдээ хэлбэрийн гажуудалд орчихсон бололтой...