Friday, December 14, 2012

Монголын шинэ цагийн гэрэл зургийн Од харвалаа...



Тэнгэрт нэгэн од харвалаа. Их баяр хөөр болсон цэнгэлийн дараахан тэр биднийг орхиж, мөнх зүйл үгүйг бидэнд ойлгууллаа. Монголын шинэ цагийн гэрэл зургийн бүр тодруулбал дижитал гэрэл зургийн түүхийг түүчээлсэн эрхэм ах, найз маань хэнд ч хэлэлгүйгээр, ирсэн шигээ буцлаа. Монголын хип хопын загалмайлсан эцэг гэж түүнийг авгайлах нэгэн байхад, гэрэл зурагчдын шинэ түүхийг эхлүүлсэн гавъяатан гэж хүндлэх мянга мянган гэрэл зурагчид, сонирхогчид бий юм. Нэг үгээр тэрээр "Од" байсан юм. Одод зөвхөн тэнгэрт гялалзаж, тэндээс биднийг гэрэлтүүлж байхын учир тэрээр байрандаа очжээ. Тайванаа маань уулзсан бүртээ нэгийг бодуулах зүйлсийг ярьж, нөхөрсөг зөвлөдөг хүндтэй нэгэн байснаас гадна өөрийнхөө бүтээлээр олныг сургасан багш минь байлаа. Гэрэл зурагчдад зориулсан гарын авлага нь анхдагч байж, эхлэлийг утгаар нь тавьсан манлайлагч болсон юм.
Тайванаа маань унтаад л сэрсэнгүй дээ. Хэний ч төсөөлөхгүй амар тайвнаар амьдарч асан газраасаа дараагийн амьдралдаа оджээ. Газар мөртэй, олонд нэртэй, нөхөддөө хүндтэй, үзүүлэх бүтээлтэй хэдий ч нэг л зүйлд нь харамсангуй байна. Тайванаа маань эхлүүлсэн бүхнийхээ үргэлжлэлийг өөрөө гүйцэлдүүлсэнгүй. Хэдий тийм ч бид түүний зам мөрийг үргэлжлүүлж, тэнгэрээс биднийг ивээх болтугай. Эх дэлхийнхээ алтан хөрсөндөө амгалан нойрсож, тэнгэрийн орондоо хүндлэлтэй залраг. Бид үргэлж дурсан санах болно.

2 comments:

  1. Бид их эрт танилцаж байсан,,, Дайн ба Энх анх байгуулагдаж байх үе, Дэнжийн 1000 зах дээр куртка зарах гэж рекламдаж гүйдэг л хүүхдүүд байсан,,, Дараа нь буйр суусан ухаалаг залуус энгийн мөртлөө эгэл биш амьдралын тухай хуучлах идэрхэн нас байсан.

    Харин түүнээс цааш бүхний түүнгүйгээр туулах амьдралыг бидэнд үлдээгээд одох нь гомдмоор, харамсмаар,,, Хорвоо яагаад ийм хатуу байдаг юм болоо.

    Амгалан нойрс доо найз минь

    ReplyDelete
  2. 2003онд Сонинд ажилдаг байхдаа танилцаж байсан юм, Гайхамшигтай агуу хүн байсан. Тэр л чигээрээ бидний зүрхэнд үүрд үлдэнэ.

    ReplyDelete